Илон Маск Фэйсбүүкийн анхны хиймэл дагуулыг дэлбэлжээ

Манай цагаар өнгөрсөн шөнө Илон Маскийн SpaceX компанийн Falcon 9 пуужин Флоридагийн Канавералын хошуун дахь хөөрөх цэгт дэлбэрлээ.

Уг пуужин маргааш буюу Бямба гарагт хөөрөх хуваарьтай байсан ба сая хөөрөлтийн өмнөх туршилт, шалгалтыг явуулж байжээ.

Урьдчилсан байдлаар пуужингийн дээд хэсгийн хүчилтөрөгчийн савнаас үүдэлтэй дэлбэрэлт болсон гэж үзэж байгааг SpaceX мэдээлсэн байна.

Дэлбэрэлтээс хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хохирол гарсангүй. Харин технологийн томоохон компаниудтай холбоотой хохирол гарсан байна.

Тухайлбал энэ пуужингаар Фэйсбүүк компани анхны хиймэл дагуулаа тойрог замд хүргэх гэж байсан юм. Тэгвэл энэ хиймэл дагуул нь пуужинтай хамт дэлбэрч, Африкийн хөгжил буурай орнуудын иргэдэд хиймэл дагуулаас үнэгүй интернэт хүргэх амбицтай төлөвлөгөө нь бүтэлгүйтлээ.

Amos-6 нэртэй уг хиймэл дагуул нь Израйлийн Spacecom компанийн өмч бөгөөд Фэйсбүүк түүний нэг хэсэг зурвасыг нь таван жилийн хугацаанд түрээслэхээр $95 саяын гэрээ байгуулаад байв.

Яг одоо Нигерид аялж байгаа Марк Зукерберг SpaceX-ийн пуужинтай хамт өөрийнх нь хиймэл дагуул дэлбэрснийг сонсоод багагүй бухимдсан байна.

Тэр энэ тухай “Би Африкт байхдаа энэ тивийн хүмүүст интернэт холболтыг хүргэх байсан манай хиймэл дагуул SpaceX-ийн пуужинтай дэлбэрснийг сонсоод гүнээ харамсаж байна. Азаар бидэнд Aquila зэрэг хүмүүсийг холбох боломжтой өөр технологи байгаа нь сайн хэрэг. Бид хүн бүрийг интернэтэд холбох зорилгодоо тууштай байж хиймэл дагуулаа ажиллуулах болно” гэжээ.

Aquila нь дроноос интернэт холболтоор хангах өөр нэг технологи юм.

Мөн Майкрософт корпорацийн Олон Улсын Сансрын Станцад хүргэхээр илгээсэн Hololens хиймэл бодит байдлын (virtual reality) зүүдэг төхөөрөмж пуужингийн ачаанд байсан байна. Түүнийг сансрын нисэгчид хэрэглэн туршилт явуулах байсан гэнэ.

Үүнээс гадна Илон Маскийн SpaceX компани багагүй хохирол хүлээж, төлөвлөсөн ажлууд нь хойшлогдож байгаа юм.

Пуужинтай хамт тус компанийн Флорида дахь хөөргөх тавцан сүйрээд байна. Уг нь SpaceX ирэх оны нэгдүгээр сар хүртэл энэ тавцангаас зургаан пуужин хөөргөхөөр төлөвлөөд байжээ. Энэ нь бараг сар тутам нэг пуужин хөөргөнө гэсэн үг.

SpaceX-ийн хохирлыг тооцоолбол тус компанийн санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлөх хэмжээнд байгааг мэргэжилтнүүд дүгнэж байна.

Дэлбэрэлтийн дүрс бичлэг:

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу