АТГ-д шалгагдаж эхэлсэн М.Сономпил БХ-ын сайд байхаасаа л шамшигдуулж байжээ

АТГ-ын мөрдөн байцаагчид өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн ажлын өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, маргааш нь буюу баасан гаригт түүнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна.

М.Сономпилийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж байгаа  аж. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн байдаг.

Үүний дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 2013 оны 4-р сард концессын гэрээ байгуулж, 2015 оны 11-р сард нээлтээ хийж байжээ. М.Сономпилийг тус станцын санхүүжилтийн асуудалтай холбогдуулан ийн нэгжлэг хийж, яллагдагчаар татсан бололтой. 

Амгалан ДЦС-ын тендер зарлагдах үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар “Фортуна” хэмээх Д.Батбаяр ажиллаж байсан юм. Түүнийг яг одоо АТГ мөн л Хөгжлийн банкны мөнгийг хууль бусаар зарцуулахад нөлөөлсөн, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган шалгаж байгаа. Өнгөрсөн сард эл хэргийг шалгаж дуусаад хэрэгт яллагдагчаар татах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ. Харин М.Сономпилд үүсгэсэн хэрэг “Фортуна” Батбаярыг шалгах явцад илэрсэн бололтой.

М.Сономпил гэж хэн бэ?

Эрчим хүчний сайд асан М.Сономпил УИХ-д хоёр удаа сонгогдсон. УИХ дахь Аюулгүй байдлын байнгын хорооны даргын албан тушаалыг хашиж байсан. 
Түүний улс төрийн гараа  2004 оноос эхлэлтэй. Тэрбээр Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болон сонгогдож, тухайн үедээ Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан. Анх нэрийг дэвшүүлж байсан АН-аасаа урваж, шинэ нам байгуулж ч байсан туйлбаргүй нэгэн. Тодруулбал, Н.Батцэрэг, М.Энхсайхан нартай хамтран МҮАН-ыг байгуулж байсан. 2004 онд АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон тэрбээр 2012 оны сонгуулиар УИХ-д "Шударга ёс" эвслийн төлөөлөл болж, намын жагсаалтаар орж ирсэн.

Намтрыг нь сөхвөл ачигч, ганзагын наймаачин, жуулчдын ахлагч, баарны эзэн, компанийн менежер, захирал, УИХ-ын гишүүн, хоёр дахь удаа сайд болсон гээд олон гуншингийн эзэн.

1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгсчээ. Ажил мэргэжлийн хувьд 1988-1991 онд Ардын армийн ангид салааны захирагч, техникийн орлогч, 1991-1995 онд "Залуу Монгол" ХХК-д менежер, захирал, 1995-2004 онд "Залуу Монгол" Корпорацийн ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.

Түүний "Залуу Монгол" корпораци нь "Чингис" шар айргаараа алдартай бөгөөд "Монте Карло", "Магна" зэрэг тамхинуудыг Монголд оруулж ирдэг бөгөөд тэрбээр пиво, тамхины бизнесээрээ олонд танигдсан нэгэн ажээ.  Мөн УИХ-ын гишүүнийг найман жил хийсэн, засгийн газарт Батлан хамгаалах болон Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан.

Улс төрд орсон цагаас эхлэн томчуудыг тойрдоггүй “мөнгө идсэн уусан”гэх асуудлууд ч Батлан хамгаалахын сайдын албыг хаших үеэс эхлэлтэй. Тэр үеэс л түүнтэй холбоотой элдэв асуудал шил шилээ даран гарах болсон.
Тухайлбал, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед яамны нэг онгоц сүйрснийг түүнтэй холбон тайлбарладаг. Мөн БХЯ-ны мэдэлд байдаг Барилгын 182, 022-р ангиудыг дур мэдэн зарж, мөнгөөр Дархан дахь хувийн компаниа санхүүжүүлсэн хэмээн тухайн үедээ хэвлэлээр шуугицгааж байсан.

Тэрбээр машинд нугасгүй бөгөөд машины уралдааныг мөнгө хайрлахгvй ивээн тэтгэж өөрөө хүртэл биеэрээ оролцдог гэдэг. Түүний энэ хобби хэрээс хэтэрч БХЯ-ны сайд байхдаа Онцгой байдлын газар ашиглагдаж байсан Хаммер жипийг өөрийнхөө яамны 37 машинаар сольсон гэх мэдээлэл ч байдаг.

Үүнээс гадна нэг удаа Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан ОХУ-д очоод казино тоглон нэг орой л 850 доллар доллар салхинд хийсгэж байсан гэдэг. Төрийн хамгаалалтын хувцасыг солих нэрээр ойрын хүндээ тендерийг өгч чамгүй их мөнгө "унагаасан" хэмээн хэвлэлээр ч бичигдэж байв.  Мөн Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа монгол цэргүүдэд олгогддог нормын хувцасаар бизнес хийсэн, Иракт алба хаасан гэрээт цэргүүдэд олгогддог гутал хувцас хэрэглэл зэрэг нормын хоёр ээлжийн хувцасны нэг ээлжийнхийг нь сэмхээн Монгол руу явуулчихдаг байсан гээд олигтой гэхээсээ илүүтэй хар бараан түүхүүд хөвөрнө.

Хамгийн сайшаалтай нь М.Сономпил Дарханы Хонгорчуудын хордсон талаар шуугианыг анх дэгдээсэн хүн гэх юм билээ.

У.Маргад

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу