МАН татвар нэмэхээр нууцаар төлөвлөжээ

Сүүлийн үед улстөрчид өөрсдийн хийж гүйцэлдүүлэх гэсэн шударга бус зүйлээ гарцаагүй хийхгүй бол болохгүй мэтээр мэдээлж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж байгаад санаснаа гүйцэлдүүлдэг болсныг та гадарласан байх. Эсвэл олон нийтийн анхаарал сарнисан баяр, наадмын үеэр лоббидсон хуулиа сэмээрхэн баталдаг болоод удаж буй.

Тэгвэл хүн бүр хүүхдэдээ анхаарлаа хандуулж, сургуульд хүргэж өгөх өдөр буюуөнөөдөр эрх баригчдын зүгээс татвар нэмэгдүүлэх санаархлаа гүйцэлдүүлэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээллээр хичээлийн шинэ жилийн нээлтийг далимдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар намын бүлгээ хайрцаглаж, ээлжит бус чуулганаар татварыг нэмэгдүүлэх хуулийг батлуулахаар зүтгэж эхэлжээ. Тиймээс өнөөдөр 10.00 цагт бүлгээ хуралдуулж, гишүүдээ үүрэгдэхээр болсон гэнэ. Ингэх болсон шалтгаан нь ч ойлгомжтой. Төсвийн байнгын хороо энэ асуудлыг авч хэлэлцээд эдийн засгийн хямралтай энэ үед татвар нэмэх цаг нь биш хэмээн асуудалд хандсан юм. Тиймээс л олны анхаарал сарнисан үед зориуд олонхоороо хүч түрэн асуудлыг шийдэхээр болсон байна.

Тиймээс ч Сангийн сайд Б.Чойжилсүрэн ирэх арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд төсвийн алдагдал 5.1 их наяд төгрөгт хүрнэ гэж эртнээс айлгаж эхэлсэн юм. Энэ нь бодит тооцоолол байж болох ч алдагдлыг бууруулахын тулд иргэд, аж ахуйн нэгжээ цөлмөх бодлогыг илүүд үзжээ. Тиймээс л 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай  иргэдээсээ 25 хувийн татвар авна, амьжиргааг нь ганц залгуулж буй приус машинаас нь, машиных нь тоног төхөөрөмжөөс, архи, тамхинаас гээд байж болох бүх татварыг нэмэгдүүлэхээр улайрсан аж.  

Цалингүй, орлогогүй болгоод зогсохгүй татварыг нь нэмэгдүүлэх дарангуйллын бодлогыг эрх баригчид нууцаар батлахаар санаархаж байна.

Хэрэв татвар нэмэгдвэл аж ахуйн нэгжүүд бүгд өөрсдийнхөө зардлыг багасгана. Ингэснээр хэрэглээ хумигдана гэсэн үг. Хэрэглээ хумигдвал өнөө маргаашаа аргацаан буй компаниуд үүд хаалгаа барихад хүрнэ. Тэд үүд хаалгаа барьвал хэдэн мянгаар тооцогдох хүн ажилгүй, орлогогүй болно. Энэ бол татварын дарамтаас үүсэх эдийн засгийн шууд нөлөө.

Хэдийгээр татвар нэмэгдүүлбэл төсвийн алдагдал буурах мэт харагдавч цаанаа эдийн засгаа эргэж сэхэхгүй болтол нь сөхрүүлнэ гэдгийг би ч биш, эдийн засагчид хэлж байна.

Тиймээс л сонор сэрэмжтэй байхыг биднээс шаардаж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу