Ц.Цацрал: Шинэхэн сүрчгээ дэлхийн зах зээлд гаргахыг зорьж байна

Зураач, үнэртэнд дурлагч Ц.Цацралтай ярилцлаа.

-МИНИЙ ЦУГЛУУЛГАД 1000 ГАРУЙ ҮНЭРТЭН БИЙ-

-Юуны өмнө таньд шинэхэн сүрчгүүдээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Монголд анх удаа гэдэг тодотголыг би энд л хэлмээр байна. Анх удаа монгол эмэгтэй, монгол сүрчиг гаргаж байгаад талархалтай байна. Хоёулаа ярилцлагаа хэзээнээс анх сүрчигт дурласнаас тань эхэлье?

-Хүүхэд наснаасаа л анх үнэртэй усанд дурлаж, татагдаж эхэлсэн дээ. Ээжийн минь түрхдэг “Dior” брэндийн “Poison” гээд үнэртэй ус хамгийн тансаг, гайхалтай үнэр, мэдрэмж төрүүлж байлаа. Тэр усыг анх түрхэж үзээд л үнэртэй усны тухай ойлголт авч байсан. Мөн “Может быть” гээд үнэртэй ус байлаа. Тухайн үедээ бүсгүйчүүдийн дунд ид мода болж байсан тийм үнэртэй ус юм уу даа. Сонирхогчоос гүнзгий дурлагч болсон үе бол 12 жилийн өмнө гэж болно. Би Берлинд амьдардаг. Тэндээ өөрийн гэсэн урландаа зураг зурна. Мөн үнэртэй уснуудын минь цуглуулга ч байдаг. Зураг зурж байх үедээ дуртай үнэртнээ үнэртэх нь миний урланг ер бусын сайхан болгож өгдөг учраас үнэртэй усанд улам бүр дурласаар байдаг.

-Үнэртэн бүтээнэ гэдэг асар их мэдрэмж, судалгаа шаарддаг байх. Жирийн сонирхогчоос бүтээгч болно гэдэг зураач хүний хувьд нэг шинэ бүтээл төрүүлэхтэй л ижил болов уу?

-Тэгэлгүй яах вэ. “Үнэртэй ус сонирхогчдын групп”-д 110 мянга гаруй үнэртэнд дурлагч цугласан байдаг. Тэнд эмэгтэйчүүдийн үнэртний сонирхол, мэдрэмжийн тухай өдөр бүр бичигдэж, яригддаг болохоор үнэртэн гарган авахад минь маш их түлхэц болсон. Дөрвөн жилийн өмнөөс өөрийн нэрийн үнэртэн гаргах тухай бодож эхэлсэн минь өнөөдөр биеллээ оллоо. Үнэртэн бүтээнэ гэдэг маш их мэдрэмж, авьяас шаарддаг гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Учир нь үнэртэн бүр өөрийн онцлогтой.

-Таныг үнэртэн цуглуулагч гэдгийг мэдэх юм байна. Таны цуглуулгад хичнээн үнэртэн бий вэ? Хамгийн ховор үнэртнээ нэрлэвэл?

-Миний цуглуулгад 1000 гаруй үнэртэн бий. Гэхдээ мянга гаруй үнэртэн гэхээр хүмүүс бүгд шинэ уснууд худалдаж авдаг гэж ойлгодог. Цуглуулгад минь ховор, сонин үнэртэн гэхэд 5 мл ч байх жишээтэй. Гол нь шинээр худалдан авахдаа бус үнэртнийг эрж хайж, олж хадгалахдаа л юм. Би олон ч үнэртэн цуглуулагчдын групп, холбоо, форумд оролцдог болохоор бид таалагдсан үнэртнээ бага хэмжээгээр ч болтугай солилцоод, цуглуулгаа баяжуулдаг. Өөрөөр хэлбэл яг л намтар бичиж буй мэтээр үнэртнүүдээ дурсамж бүртэй нь хамт хадгалдаг гэх үү дээ. Хамгийн ховор үнэртэн гэвэл олон бий. Сүүлд гэхэд би ээжийнхээ түрхэж байсан үнэртэй усыг олон жил хайсны эцэст дуудлага худалдаанаас олж авсан. Би их олон үнэртэнтэйн ачаар ховор үнэртнүүдийг заримдаа солилцож авдаг азтай шүү.

-Та ээжийнхээ түрхэж байсан үнэртнийг олохын тулд олон жил зарцуулсан гэж ярилаа. Тэгэхээр үнэртэй ус гэдэг дан ганц хэрэглээ гэхээсээ илүү дурсамж хадгалагч юм болов уу. Бид хэн нэгнийг санаж, дурсамжаа үгүйлэхэд тухайн үеийг санагдуулам үнэртэн эрхгүй санаанд орж түүнийгээ эрж байдаг шүү дээ. Тэгэхээр та ч гэсэн дурсамж хадгалагч болохыг хүсчээ дээ?

-Тийм шүү. Би ч гэсэн үнэртнээр дамжуулан дурсамж хадгалагч болохыг хүссэн юм байна. Үнэхээр ч үнэртэнд дурлах тусам ховор, үнэтэй үнэртэнг эрж байгаад сүүлдээ family set цуглуулж хадгалахыг хүсдэг юм билээ. Ээжийн, аавын, ах эгчийн үнэр, дурсамжийг шингээсэн үнэртэнг хайж эхэлдэг юм шиг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг гэдэг чинь үнэртэн юм байна л гэж бодогддог шүү.

-Шинэхэн үнэртнүүдээ Монголдоо үйлдвэрлэж байна уу? Их ажил эхэлсэн хүнд саад бэрхшээл тулгарч байна уу?

-Уг нь миний санаа бол эх орондоо бүгдийг нь хийх байлаа. Гэвч манайд үнэртний хайрцагны гадуурхи лац, боодлоос эхлээд бэрхшээлүүд тулгарсан. Түүхий эд боловсруулах ажил Берлинд хийгдсэн байгаа. Ирээдүйд эх орондоо боловсруулалтын ажлаа хийгээд, бүх юмаа хийдэг болох зорилт тавиад л байна.

unertei us

-ҮНЭРТЭНҮҮД МААНЬ ТУС БҮР 500 ШИРХЭГ Л ХУДАЛДААЛАГДАНА-

-Таны гаргасан үнэртэй усыг үнэртэнд дурлагсад маань хэрхэн хүлээн авч байна вэ?

-Маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. “Үнэртэнд дурлагсдын групп”-ын гишүүд маань маш их баярлаж, талархалтай хүлээж авсанд хувиасаа сэтгэгдэл өндөр байна. Би 5 сард үнэртэнд дурлагсдын томоохон арга хэмжээнд оролцсон. Киногоор бол “Оскар”-ын шагнал гардуулах ёслолтой л ижил юм. Энэ арга хэмжээнд үнэртний шүүмжлэгч, сэтгүүлч Мигуэл Мато хүртэл оролцож, үнэртнүүдийн талаар сэтгэгдлээ хуваалцсан. Түүнд би өөрийн гаргаж авсан үнэртнээ үнэртүүлэхэд “Маш их таалагдаж байна. Дурсамж сэргээсэн тийм гайхалтай үнэр үнэртэж байна” гэж хэлж байсан. Үнэртэнд дурлагч миний хувьд бол лото хожсон мэт сайхан боломж байсан шүү. Учир нь тэнд үнэртэнд дурлагч бүх одод очсон байсан. Германы үнэртэй усанд дурлагч, үнэртэй ус бүтээгч Гейза Шоэн гээд маш мундаг хүн бий. Энэ хүн хамтрах санал тавьсан. Цаашид монгол үнэртнээ дэлхийн зах зээлд гаргах, олон нэр төрөл болгох зорилготой байна.

-Таны үнэртнүүдийн нэр бүр өөрийн гэсэн онцлог түүхтэй юу? Гурван өөр төрлийн нооттой, нэртэй үнэртнүүд байх шиг байна? Үнийн хувьд хэдэн төгрөгөөр тогтож байгаа вэ?

unertei us

-“Цас чихэр” үнэртний хувьд дөнгөж орсон цасны сэргэг, сэрүүхэн мэдрэмжийг төрүүлэхүйц гэж болно. Толгой ноотууд нь жүрж, бергамот, чихэр бөгөөд зүрхэн ноотууд нь мэлрэг цэцэг, сарнай юм. Суурь ноотууд нь пачули, ветивер, ваниль, Цагаан заар байгаа. “Шамбалын орон” гэж нэрлэсэн учир нь хүнд ер бусын зүйлтэй учрах үе байдаг шүү дээ. Сахиусан тэнгэртэй учирсан мэт мэдрэмжийг санагдуулам. Үхлээс эргэн ирсэн хүмүүсийн дунд хэсэг зуур диваажинд очсон мэт мэдрэмж төрөхөд сарнай цэцэгсийн үнэр үнэртдэг гэж уншиж байсан юм. Тэр санаанд орсон гэх үү дээ. Толгой ноотууд нь ханборгоцой, пачули, алим, нимбэг, ягаан перец, нил цэцэг бөгөөд зүрхэн ноот нь зандан мод, сарнай, заар юм. Суурь ноот нь тоор, үхрийн нүд, иланг-иланг, хув.  Үүрийн цолмон үнэртний хувьд дүүгийнхээ нэрээр нэрлэсэн. Дүүг минь Цолмон гэдэг. Дүүгээ бодмогц тийм ялдам, танхил, зөөлөн гэсэн үгүүд сэтгэлд буудаг юм. Тиймээс дүүгээ бодож, дүүтэй минь ижил бүсгүйчүүдэд зориулж энэ үнэртэнээ гаргаж авсан. Толгой ноотууд нь грейпфрут, бергамот, лийр бөгөөд зүрхэн ноотууд нь мэлрэг цэцэг, гиацинт. Харин суурь ноотууд нь заар, цахилдаг, хув байна. Үнэртнүүд маань тус бүр 500 ширхэг л зах зээлд худалдаалагдана. Үнэртэн худалддаг агентлагаар дамжуулан худалдах төлөвлөгөөтэй байгаа. “limited edition” буюу хязгаарлагдмал байгаа учир дахин худалдаанд гарахгүй. Үнийн хувьд маш боломжийн буюу 65 мянган төгрөгөөр борлуулагдана.

-Таны аав бол Төрийн шагналт, зураач Ц.Цэгмэд. Та өөрөө мөн зураач хүн. Тэгэхээр сонирхлоо дагаад уран бүтээлээсээ хөндийрөв үү? Эх орондоо ирээд уран бүтээлийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөө байна уу?

-Үнэртэн бүтээхэд маш их цаг хугацаа ордог. Тийм болохоор уран бүтээлдээ цаг зарцуулж чадахгүй үе ч олон байлаа. Уг нь эх орондоо уран бүтээлийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байсан ч амжсангүй, хоёр ч удаа үзэсгэлэнгээ цуцаллаа. Би хоёр хоногийн дараа Берлин рүү буцах гэж байна. Мэдээж эх орондоо уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөө байна. Чадвал энэ өвөлдөө гаргах байх. Одоогоор яг нарийн төлөвлөөгүй байна.

-Ярилцсанд баярлалаа. Дараагийн удаа уран бүтээлийн арвин олз омогтойгоор эргэн уулзацгаая.

Эх сурвалж: medee.mn Ц.ТАМИР

unertei us

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу