Ажилгүйчүүдийн дийлэнхийг залуучууд эзэлж байна

Ажилгүйчүүдийн 60 хувийг ид хийж бүтээх насны залуус эзэлж байна. Энэ тухай Чингисийн талбайд болж буй “Хөдөлмөрийн яармаг”-ийн үеэр албаныхан ярилаа.

Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн хүрээлэнд 48 мянган хүн ажил хайж, бүртгүүлжээ. Түүний 60 хувь нь залуус байгаа аж. Тэр дундаа 30 хувь нь бүрэн дунд боловсролтой, 20 хувь нь бакалаврын болон техникийн мэргэшилтэй залуучууд ажилгүйчүүдийн эгнээг эзэлж байна. Тиймээс энэ удаагийн хөдөлмөрийн яармагийг залууст чиглүүлэн зохион байгуулж байгаа гэлээ. 

"Хөдөлмөрийн яармагт  бүх салбарыг хамарсан 500 гаруй ажлын байрыг иргэдэд санал болгож, бүртгэж байна. Ялангуяа залууст тохирох ажлын байр их байгаа" хэмээн нийслэлийн Хөдөлмөрийн газрынхан онцоллоо. Энд худалдаа, үйлчилгээ, шатахуун түгээх станц, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлал гээд бүх салбарын ажлын байрыг танилцуулжээ. Жуулчны баазад үйлчлэгч, зөөгч, хамгаалагч, барилгын салбарт туслах ажилтан, засал чимэглэлчин гээд улирлын чанартай ажлын байр эрэлт ихтэй байв. 

Хөдөлмөрийн яармагийн үеэр мэргэжилгүй залуусыг сургалтад хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийг сурталчлах, АСЕМ-ын зочдод өгөх бэлгийн үзэсгэлэн, худалдаа зэрэг үйл ажиллагааг өдрийн турш зохион байгуулах юм.

Их сурвалж: www.news.mn

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу