Дээд Монголын Ц.Цэцэнбаатар: Монгол Улсаас садан төрлөө эрж, хайж байна

Хөх нуур мужийн Дээд Монголоос Улаанбаатар хотод түр ирсэн Цэрэнгийн Цэцэнбаатартай санаандгүй тохиолдлоор тааралдаж, танилцлаа. Тэрээр Монгол Улсаас өөрийн болон нэг нутгийн Монгол иргэний садан төрлийг хайж яваа нэгэн юм. Ингээд түүнтэй уулзаж, ярилцсан юм.

Дээд монголчууд нь баруун хойд Хятадын Цинхай буюу монголоор Хөхнуур мужид төвд, хятад болон хасаг, хуйсалар лалын шашинтнуудын дунд аж төрдөг юм. Тэдний ихэнх нь хошууд ястан бол бусад нь халх, цорос, торгуудууд гэнэ. Харин Цинхай мужид Баянхар уулГолмуд хот (олон тооны гол мөрөн гэсэн утгатай), Цайдам гэх мэт монгол нэртэй газар усны нэр олон байдаг ажээ.

-Та сайхан зуншиж, сайхан наадамласан уу?

-Сайхан. Та сайн байна уу?

-Сайн.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Хятадын Хөх нуур мужийн Дээд Монголоос Улаанбаатар хотод түр ирээд байна.

-Тийм үү. Дээд Монголын хүн үү. Монгол орноор аялахаар ирээд байгаа юм уу?

-Тиймээ. Би өмнө нь Монголд ирж байсан. Гэхдээ одоо би их чухал хэрэг зорилготой явж байна.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн билээ?

-Миний хувьд ааль, ёс заншил, соёл судалдаг. Харин энэ удаа хамаатан садангаа Монгол Улсаас идэвхтэй хайж байгаа юм.

-Танд юу тохиолдсон юм бэ. Таны садан төрөл Монгол Улсын иргэн юм уу?

- Садан төрлөө олж уулзах гээд хичээж байна даа.

-Нууц биш бол та садан төрлийнхөө тухайгаа ярьж өгч болох уу?

-Болноо. Тослогын хойчис Зала, Араа, Хордваа, Дондуй лам, Инжил, Битэн, Хулцаан, Дэлэм зэрэг таван охин, дөрвөн хүүтэй байсан. Араа хүү нь Самдан /Гияа Гэсэл/, Нямжав, Хээмчиг гэх гурван хүү, Диймаа, Жижгээ гэх гурван охинтой. Харин Хээмчиг нь Шаравжамц, Дашням гэх нэртэй хоёр хүүтэй юм. Энэ хүмүүсийг би хайж байна.

-Таны хайж байгаа хүмүүс аль нутагт аж төрж байгаа юм бэ. Таамгалж байгаа зүг байна уу?

-Баянхонгор аймагт нутагшиж байгаа гэж үздэг. Араагийн охин Жижгээ болон хүргэн Өлзий хоёрын хүүхэд Ө.Цагаандорж зэрэг нь хоёр хүү, нэг охинтой. Энэ айлын үр хүүхэд Монгол Улсын Улаанбаатар хотод амьдардаг гэж сонсогдож байна.

-Таны аав, ээжийн тань хэнийх нь садан төрлүүд юм бэ?

-Миний ээжийн өвөг дээдсийг Тослог гэдэг. Ээж маань Ганьсу мужийн нутгийн хүн. Энэ нутаг Монгол Улсын Говь-Алтай, Баянхонгор аймгаас цааш ойрхон байдаг. Харин миний хэлээд байгаад Хээмчиг гэх хүн манай ээжийн ээжтэй нэг үеийн хүн.

-Таны ээж Монгол хүн үү?

-Миний ээж бол Монгол Улсын иргэн биш ч  гэсэн Дээд Монгол нутгийн хүн юм. Миний ээжийн ээжийг Хулцаан гэдэг. 

-Танай ээжийн ах дүүс хэдий үед Монгол Улсад үлдсэн юм бэ. Эсвэл Дээд Монголоос орж ирсэн юм уу?

-Дээд Монголоос Монгол Улс руу орж ирсэн байх ёстой гэдэг. 

-Хэдэн оны үед вэ?

-Тодорхой сайн мэдэхгүй байна.

-Тэгвэл та ээжийнхээ садан төрлийн хүмүүсийн нэрсийг яаж олж мэдсэн юм бэ. Ээж тань хэлсэн үү?

-Ээжийн садан төрөл, ах дүүсийн үр хүүхэд Монгол Улсад амьдардаг гэдэг сураг мэдээг ээжийн нутгийн хошууны хүмүүсийн ургийн номонд бичсэн юм байна. Тэр нь Ганьсу мужийн Дээд Монголын Сү Би Монгол хэмээх Өөртөө засах багийн хүмүүсийн овгийн номноос ээжийн талын хүмүүсийн нэрсийг олж, тэмдэглэж авсан. Энэ номонд ийм ийм хүмүүс тэнд амьдардаг гэсэн мэдээ байсан. Тэгээд би эдгээр хүмүүс хаагуур амьдарч байна вэ гэж сураглаж, учир ухааныг нь олж авъя гэж бодож байгаа юм. Манай нутагт бас Дамба хэмээх Монгол Улсын иргэн амьдардаг байсан. Тэр хүний үр хүүхэд мөн Монголоос аавынхаа садан төрлийг олж уулзах их хүсэлтэй байгаагаа надаар дамжуулан уламжилж байгаа.

-Та Улаанбаатарт амьдардаг садан төрлөө олж чадахгүй байгаа юм уу?

-Олж амжаагүй байна. Олох гээд хүмүүстэй уулзаж байна даа.

-Түрүүн таны дурдсан Дамба гэдэг хүн ямар түүх, намтартай хүн юм бол?

-Монголын Улсын иргэн Дамба, шашны номын нэр нь Дээд Монголоор Цүлтэм / Ар монгол хэлээр Чүлтэм байх/ нь Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт амьдарч байжээ. Тэр хүн 1902 онд төрсөн. Эцэг, эхээсээ ах дүү 11 байсан гэдэг.

Дамбыг бага насандаа гэртээ байж байхад дүү нь юм уу, аав нь шөнөөр орж ирээд “Дамба минь лам нарыг хэлмэгдүүлж байна, нутгаасаа хол явахгүй бол баригдаж магадгүй юм. Цагийн байдал эвгүй байна. Юм хумаа базааж, бэлтгээд эндээс зугтах хэрэгтэй” гэсэн шүү утга санаатай үг хэлжээ. Тэгээд ээж нь хүү Дамбын гутлын түрийнд нь мөнгө хийж, өгөөд “Явахаасаа өмнө дүүтэйгээ уулзаж, золгоод яваарай” гэж хэлсэн юм байна. Харин аав нь “Аав нь өглөө эрт хүүгээ гаргаж өгч чадахгүй. Хүмүүс сэжиглэж харах байх. Тиймээс уулын оройд очиж, хүүгээ үдэж өгье” гэж оройн нь хэлсэн юм гэдэг. Тэр цаг үе 1922 онд л гэсэн. Нэгэн өглөө Дамба дүүтэйгээ уулзаж, золгож чадалгүй, гэрээсээ яаран гарчээ. Явж байгаад эргээд харахад аав нь юм уу, хэн нэгэн хүн уулын оройд морьтойгоо зогсож байсан гэж Дамба олон жилийн дараа хүүдээ ярьсан юм билээ.

-Дамба гэх хүн үр хүүхэдтэй болсон юм уу?

-Манай нутагт очоод эхнэр, үр хүүхэдтэй болсон юм билээ. Дамбын хүү надад “Манай аав Дамба гэрийнхээ хамгийн том ах нь байсан. Дарьганга нутагтаа хүүхэд бага насандаа лам банди байжээ. Ах дүү 11-ийн хамгийн бага нь Юдлэм /Ар монгол хэлээр Юдулам байх/ гэх нэртэй. Аав Дамбын дараагийн дүү Замбал / Жамбал байх/ нь цэргийн дарга байсан төлөвтэй. Замбал нь шарга морь унаж, 50-иад цэрэг дагуулан удирдаж байсан.” гэх зүйлийг ярьсан. Дамбын аав нь цэргийн хүн байсан гэдэг ч үр хүүхэд нь тодорхой мэддэггүй.

-Их сонин түүхтэй хүн юм. Тэгээд Сүхбаатар аймгаас Хятадын хилээр  яаж гарч, танай нутагт очсон юм бол?

-Тэр үед хоёр орны хилийг тийм сүрхий хянаж, шалгадаггүй байсан юм байх. Тиймээс Дамба гэрээсээ гарахдаа нэг тэмээ, нэг морьтой гарч, БНХАУ-ын хилийг давж, Өвөр Монголд очсон гэж хүү нь ярьдаг.

-Тэгвэл Дамба гэх Монгол Улсын иргэн Өвөр Монголд аль нутгаар, юу хийж амьдарч байсан тухай үр хүүхэд нь танд ярьсан уу?

-Дамба нь Өвөр Монголын Гомбын хийдэд гурван жил шашны ном сураад, лам сахил хүртсэн байна. Гомбын хийдэд шавилан сууж байхдаа Ар Монголоос дүрвэн ирсэн Дамчин хэмээх ламтай дотносож, хоёулаа хамт тэндээсээ цааш 1927 онд Хөх нуур мужийг зорьжээ. Харин Дамба нь Хөх нуур мужийн Гүмбүм хийдэд шавилж байгаад Дээд монголчуудын Тайж нар хэмээх хошуунд очиж, хэсэг хугацаанд лам байсан гэж хүү нь ярьж байсан.

Удалгүй ламаа болиод, Тайж нар хошууны Донхор гэдэг газарт арьс, нэхийн наймаа хийж байгаад тус хошууны Их гөрөөчин ястан Жамъянгийн охин Дуламцэрэнтэй гэр бүл болсон байна. Ингээд Тайж хошууны Голмуд /голууд/ тохойд нутагшин амьдарчээ. Одоо энэхүү тохой нь хот суурин байдалтай хөгжиж байгаа учир хот гэж нэрлэдэг болсон.

-Үр хүүхдүүдийнх нь тухай та юу мэдэх вэ?

-Ер нь Дамба, Дуламцэрэн хоёр нь хоёр хүү, нэг охинтой. Том хүү Дашцэрэн нь нас барсан. Харин Дашцэрэнгийн хүү, охин хоёр одоо тэндээ аж төрж байна. Дашцэрэнгийн дунд дүүгийн нэр Дэмчиг. Бага охин дүүгийн нэр Бүрэнтгэш гэдэг. Дашцэрэнгийн үр хүүхэд болон дүү Дэчин, Бүрэнтэгш нар нь аавынхаа дүүс, хамаатан садан нарыг Монгол Улсаас хайж байгаа юм. Иймээс бид Монгол Улсаас садан төрлөө эрж, хайж байна.

-За, Таны хэрэг зоригийг ойлголоо. Эрж хайж байгаа садан төрлөө олж, уулзаарай. Ерөөлөөр учрах болтугай.

-Их баярлалаа.

Ярилцсан Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу