Бүгдээрээ буруугүй болох аянд мордоцгоож байх шив

Улс орны нөхцөл байдал хүнд байгаа. Бид бүгд л түгшүүртэй байна. Түр зуурын хүндрэл ч биш. Нэг хоёр жилээр тогтохгүй, ард түмэн бид энэ дампуурлын горыг ходоодоороо, зовлонгоороо төлнө. Үр хүүхдийнхээ ирээдүйн гэрэл гэгээгээр төлнө.

Ийм байдалд оруулсан хүмүүс, улс төрийн хүчин хариуцлага хүлээх ёстой юу? ЁСТОЙ.

Гэтэл өнөө эрх баригчид маань

-"Бид буруугүй. АН, МАХН буруутай",

-"Тэгэж ярьвал МАН энэ дампуурлыг эхлүүлсэн" хэмээн буруугаа бие бие рүүгээ бухаад эхлэв.

Эндээс зөвхөн хариуцлагаас мултрах, ялгүй гарах гэсэн ов заль л харагдана. Ёс зүй, оюуны соёлын наад захын хэм хэмжээ үл харагдана. Буруутай гэдгээ дотроо мэдэрсэн, хэдий мэдэрч буй ч хариуцлагаас мултрах гэсэн гэм буруутнаас л ийм арга ядсан ов заль, араншин харагддаг.

АН-ынхан ч угаас ойлгомжтой. Төр барих хэмжээнд өдий хүртлээ төлөвшиж, өсөж өндийж чадаагүй гэдгээ энэ 26 жилийн түүхэнд хоёр удаа тод томруун, бас өндөр өртөг төлөн байж гашуунаар харуулав.

Харин МАН-ынхан маань хамаг бурууг АН - руугаа тохчихоод нэг их сайхан гэм нүгэлгүй, ариун цагаан амьтад аятай царайлж байгаа нь нүдэнд нэг л торж харагдаад болохгүй байна.

- 2008-2012 оны үеийн ЭЗ-ийн 17 хувийн огцом өсөлтийн үр ашгийг МАН хааш нь хийсэн бэ? Олны саналыг амлалтаар худалдаж авсныхаа барьцаанд хэдэн их наядыг үр ашиггүй тараагаагүй гэж үү? Тэгээд их хэмжээний зээл авахаас өөр гарцгүй байдалд ороогүй гэж үү? Энэ их өрийн 60 гаруй хувийг МАН-ын засаглалын үед аваагүй гэж үү? Энэ дампуурлын эхлэлийг тавиагүй гэж үү?

-Өнгөрсөн 4 жилд МАН АН-тай хамтарч төр барилцаагүй гэж үү? Өнөөгийн Ерөнхий сайд маань, бас өнөө МАН-аас нэр дэвшсэн Улаан гишүүн маань Хамтарсан Засгийн газрын үед Сангийн сайд байгаагүй гэж үү? Бас зарим нь Шадар сайд, бусад сайдаар ажиллаж байгаагүй гэж үү? /АН-ын Засгийн газарт МАН-аас 6, МАХН-аас 3 сайд ажиллаж байв./

-Өнгөрсөн 4 жилд МАН УИХ-д 25 гишүүнтэй томоохон сөрөг хүчин байгаагүй гэж үү? МАХН 11 гишүүнтэй том сөрөг хүчин байгаагүй гэж үү? Ийм байдал бий болж байгааг тэд яагаад хараагүй, мэдээгүй юм бэ? УИХ-д, Засгийн газрын бүрэлдхүүнд байгаа нөхдүүд хараагүй мэдээгүй байх боломж үгүй. Мэдсэн юм бол яагаад тэмцээгүй юм бэ? Эсвэл жудаггүй АН-ынханд хүчиндүүлээд л, хөлөө жийгээд хүлцэнгүй хэвтэж байсан хэрэг үү?

-МАН арчаагүй, унхиагүй, бодлогогүй, зориггүй байсан болоод л АН хэмээх төрийн эрх барих хэмжээнд хүрч төлөвшиж чадаагүй санхүүгийн ханаж цаддаггүй бүлэглэлийн гарт төрийн эрх мэдлийг алдаж, төрийн хосыг суглуулж, ард түмний хувь заяагаар тоглуулах боломж олгоогүй гэж үү?

-Өдий хүртэл өөрөө өөрийгөө тэтгэн авч явах чадвартай ЭЗ-ийн бүтцийг бий болгох талаар яагаад олигтой зүйлсийг хийж чадсангүй вэ?

-Эцэст нь энэ дампуурал бол ерөөс энэ хэдхэн жилийн ЭЗ-ийн бодлогогүйнх ч бус, бас МАНАН-гийн дампуурлынх ч бус, /энэ МАНАН дотор МАХН-ч бас байгаа/ системийн гажгийнх... Гэтэл энэ системийг голлон бүтээгчид, найруулагчид нь МАН/МАХН, АН хоёр өөрсдөө шүү дээ...

Гэх мэт олон хариуцлага нэхэгдэнэ. Аль нэгээс нь бус, хоёулангаас нь нэхэгдэнэ.

Өдий хүртэл ээлжлэн эрх барьж ирсэн том намууд, тэдний лидерүүд, дагалдан баясагчид л энэ дүрэмгүй тоглоомын голлон тоглогчид байсан. Хэрвээ дүрэмтэй гэвэл тэр дүрэм нь зөвхөн санхүүгийн бүлэглэлүүдийн хоорондын тохиролцоогоор шийдэгддэг луйвар булхайн дүрэм л байсан.

Үүнийг өнөөдөр гэнэн олон түмэн мартсан байж магад. Мартуулах гэж хичээж байгаа нь ч илхэн харагдана. Гэхдээ хожим түүх бичлэг үнэнээр нь бичихийн тулд яагаад ч мартахгүй.

Өвчтөнийг эрүүл болгохын тулд эхлээд зөв онош тавих хэрэгтэй лугаа адил өнөөдрийн хүндрэлээс гарахын тулд уг шалтгаан, гарвалд нь зөв онош тавих хэрэгтэй. Бурууг бие бие рүүгээ бухсанаар юу ч шийдэхгүй. Асуудлыг улам л бүрхэг болгоно.

Алдаа мадгаа зөв онож, буруугаа хүлээгээд, олондоо үнэнээ хэлээд урагшаа явбал уг нь зөв гараа, зөв алхам, том бодлого, бас том зориг баймаар. Олон түмэн ч тэр бүхнийг ойлгож, дэмжиж, төрөө тойрон нягтрах болно. Гэтэл бүр эсрэгээр бүгдээрээ буруугүй болох аянд мордоцгоож байх шив. Харамсалтай байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу