А.Сүхбат дасгалжуулагч Ц.Цогтбаярыг миний өмнө дотоожоо тайл хэмээн доромжилжээ

Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийж олимпийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргасан дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг хасаж, монголын ард түмнээс уучлалт гуйж буйгаа мэдэгдсэн билээ.

Харин үүний дараа Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын зүгээс хариу мэдээлэл хийж байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр дасгалжуулагч Ц.Цогтбаярын зүгээс ч Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын талаар ноцтой гэгдэхүйц зүйл ярьсныг онцлон хүргэж байна.

Тэрбээр, "Олимпийн наадмын өмнө холбоо бидэнд тусалсан гэж хэлэхэд тун хэцүү. Ирж уулзаагүй, утсаар ч яриагүй. Олимпийн бэлтгэлд гарчихсан байхад "Олимп" баазад ирж уулзсан нэг ч хүн байгаагүй. Риод Олимпийн тосгонд очоод, Д.Дагвадорж гэдэг нөхөртэй мэндэлэхэд муухай харчихаад л яваад өгсөн. Бид яах юм бэ. Айдастай байна шүү дээ бид.

Дээрээс нь, миний ойлгож байгаагаар Г.Мандахнаран луйвардуулна, Монгол Улс медаль авахгүй юм байна гэдгийг Д.Дагвадорж, н.Баянмөнх, шүүгч Төмөрбаатар нар эрт мэдсэн. Яагаад гэвэл, эрэгтэй тамирчдын дөнгөж хоёр нь барилдсаны дараа Д.Дагвадорж "Бүх юм зүйл дууслаа. 0-ээс нь эхлэх хэрэгтэй юм байна" гэж мэдэгдсэн. Гэтэл цаана нь дөрвийн дөрвөн сайхан залуу барилдах гээд үлдсэн байсан шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Дээрээс нь баг тамирчдаа хаяад явчихсан.

Зэрэгцээ өрөөнд амьдарч байж цахилгаан шатны үүдэнд тааралдахад энэ холбооны нөхдүүд чинь буруу хараад явчихдаг байсан. Олимпийн тосгонд ингэж л амьдарч байсан. Чөлөөт бөхийн холбооны нарийн бичиг Баянмөнхийн хэлсэн үг маш ноцтой гэж би бодож байна. Узбекстаны бөхийг шүүгчтэй нь ялна гэх маягийн юм ярьсан. Ингээд бодохоор тэд луйвар орно гэдгийг мэдсэн байна. Түүнийг мэдсэн байж яагаад бидэнд ирээд, луйвар орно шүү гээд хэлчихэж болоогүй юм уу, монгол хүн байж. Хоёрдугаарт, Монголын чөлөөт бөхийг төлөөлж байгаа энэ нөхдүүд Дэлхийн бөхийн холбоонд "Шүүлт чинь булхайтай болох юм байна шүү. Манай бөх дээр луйвар гарах юм байна гэж яагаад урьдчилж хэлээгүй юм.

Би Б.Баяраа багштайгаа хамт хувцсаа тайлаад, аргаа бараад байж байхад Төмөрбаатар гэдэг манай шүүгч өөдөөс хараад, зураг аваад зогсч байгаа юм. Миний нүцгэн зураг тэрэнд тийм их хэрэгтэй байсан юм. УИХ-ын гишүүн А.Сүхбат гэдэг хүн өчигдөр хурал дээр надад "Чадал чинь хүрвэл миний өмнө ирээд шалдлаадах. Дотоожоо тайл" гэж байна. Ийм л хариуцлагагүйн дунд бид явж байна" хэмээн ярьлаа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу