Шалгалт нэртэй боловсон ДЭЭРЭМ явагдаж байна

Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд явж буй авто машинууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг 8-р сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн. Энэхүү шалгалт 9-р сарын 30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх ба тухайн автомашины гадаад өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч, ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч гэх мэт зүйлсийг нарийвчлан шалгах юм. Түүнээс гадна бензин хөдөлгүүртэй машинаас гарч буй утаан дахь хорт бодисын хэмжээ, дизель хөдөлгүүртэй машины утаан дахь тортогжилтийг хэмжих аж. Ийнхүү дээрх зүйлсийг нэг бүрчлэн шалгаж, эдгээрээс аль нэг зөрчил нь илэрвэл, Замын хөдөлгөөний тухай аюулгүй байдлын тухай хуулийн 32-р зүйлийн 32.1, 32.2-т зааснаар 19200 -аас 42 мянган төгрөг хүртэл торгууль оногдуулах юм.

Уг шалгалтын ажилд Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын цагдаагийн алба, Аймгуудын Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн үндэсний төвийн Техник хяналт, мэдээлэл, технологийн хэлтэс, Аймаг, нийслэлийн Автотээврийн үндэсний төвийн салбарын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ гар бие оролцож байгаа юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу