Нэг үеийн хүсэл–Түмэн үеийн түүх болохуй

Нутаг усаа зорих хэзээд сайхан байдаг. Учир нь тэнд л амьдралын минь ихэнх дурсамж, ахан дүүс, таньдаг мэддэг хүмүүс, эрдэмтэн багш нар минь өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарсаар байгаа. Мэдээж өсөж төрсөн газар нутаг гэдэг бол бараг л уул толгод, байшин бүрийг нь хараад л дурсамж хөвөрч эхэлдэг. Харин энэ удаад бид Допа/сэтгүүлч Доржпагма/-аар ахлуулан Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоо зорьж буй юм. Энд тэндгүй түймэр дэгдэж байсан үе/07.19/ болохоор өглөөгүүр борооны үүл хуралдаж Улаанбаатар хотод ганц нэг дусах нь сэтгэлд сайхан.

“Нэг дэлхий-Нэг Хөвсгөл” фестивалийг “Хөвсгөл Нэг үе” клубээс санаачлан анх удаа зохион байгуулж байгаа тул бид ийнхүү нутгаа зорьж яваа нь энэ. Сэтгүүлчдийн багт Дэлгэрчимэг , Oтгон, Нарандэлгэр, Өнөртогтох, Дуламсурэн, гэрэл зурагчин Галбадрал зэрэг олон хүмүүс багтсан байлаа. Бид давхисаар оройхон хэрд зорьсон газраа очиж, ачаа бараагаа янзлан маргаашийн ажилдаа бэлэн боллоо. Мөрөн хотын II арван жилийн спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээн болж, баримтат кино, нэвтрүүлгийн зураг авалт үргэлжилсээр нэг өдөр өнгөрлөө. Сагсан бөмбөгийн тэмцээн гэдэг бол “Хөвсгөл нэг үе” клубын нэрийн хуудас болсон зүйл. Тэд анхлан клубээ байгуулсан цагаас эхлэн хамтдаа сагсан бөмбөгөөр хичээллэн, олон улс, улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, тоглогчидоо дэмжин уухайлж, ганцхан онооны зөрүүтэй ялах, ялагдахын баяр гунигийг мэдэрсэн цаг хугацааг хэмжвэл хүний амьдралын нилээдгүй сар жилүүд гарах биз ээ.

Маргааш өглөө нь аймгийн ХДТ-т баярын хурал болж олон газраас ирсэн зочид төлөөлөгчид хуран цуглалаа. Нутаг орноо гэсэн сэтгэлтэй, хийнэ гэснээ хийж чаддаг, бусдад тусалсан ч түүнийгээ гайхуулдаггүй эдгээр хүмүүсийг харахад л сэтгэл хөдөлнө. Баярын хурал, фестивалийн үйл ажиллагааны урлагийн тоглолтуудыг найруулагч Ц.Батнайрамдал найруулж, МУУГЗ Т.Сэр-Одын продакшин гардан зохион байгуулсан юм. “Нэг дэлхий Нэг Хөвсгөл” аялал жуулчлалын анхдугаар фестивалийг Хөвсгөл аймаг анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд баярын хурлаар эхэлсэн фестиваль “Монгол брэнд”, “Авьяаслаг жуулчин”, “Night market” зэрэг  хэд, хэдэн арга хэмжээгээр үргэлжилсэн юм. Мөрөн хотын төв гудамжийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж 24 цагийн турш худалдааны өргөн чөлөө болгон аж ахуйн нэгж, иргэд, сумдын төлөөлөлд   бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах боломж бүрдүүлсэн байсан нь ихээхэн олзуурхууштай зүйл байлаа. Харин үүндээ зөвхөн Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч,  хувь хүн гэж хязгаарлалгүй,  бусад аймаг,  нийслэлээс оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй байлгасан нь байна. Фестивалийн үеэр Орхон аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ жуулчдад худалдааж байсан хүмүүс ч байсан юм.

Мэдээж зөвхөн худалдаа явуулж жуулчдын халаасыг сэгсрэх гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь утгагүй. Тиймээс 24 цагийн туршид сумдын авьяаслаг төлөөлөл урлагийн тоглолт үзүүлж, тэр дундаа жуулчдын дунд тодорхой хэмжээний мөнгөн шагнал бүхий уралдааныг зохион байгуулсан нь олон жуулчид, иргэдийн талархлыг хүлээлээ.  

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим 30-аад жилийн дараа анх удаагаа хөдөө орон нутагт тоглолоо. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим аймгийн төв гудамжаар парад алхаж, Чингүнжавын талбайд 2 цагийн тоглолтоо сонирхуулсан нь ахмад, дунд насныханы сонирхлыг татаж, хүмүүсийн ярих гол сэдвүүдийн нэг болсон юм. 

“Хөвсгөл нэг үе” клуб тус анхны фестивалийг 10 жилийнхээ ойг ташралдуулан зохион байгуулж байгаа бөгөөд анх 1987 онд 10 жилийн сургуулиа төгссөн залуус уулзаж ярилцдаг, хэн хэндээ тусалдаг байх гэж клубээ байгуулж байжээ. Клубын анхны Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Тэрээр 10 жилийнхээ ойн баярын хурал дээр энэ талаараа сэтгэл хөдлөн ярьж байсан юм. “Нэг үе”-ийн залуус 10 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн хажуугаар нутаг орондоо хэрэгтэй зүйл хийе хэмээн сэтгэж, аймгийн удирдлагуудад санал тавьсан нь эл фестиваль байж. Түүнийг нь ч нутгийн удирдлагууд нааштайгаар хүлээн авч үйл ажиллагааг сайхан зохион байгууллаа. Мэдээж анхны юманд алдаа оноо бий. Гэвч жуулчдыг татах, иргэдээ дэмжих зорилготой тус фестиваль үндсэн зорилгоо биелүүлж чадсан гэж хувь хүний үүднээс дүгнэж байна. Цаашид улам боловсронгуй болгож “Хөвсгөл аймаг-Аялал жуулчлалын тулгуур төв” болоход чухал үүрэг гүйцэтгэдэг үйл ажиллагаа болох нь гарцаагүй.

“Хөвсгөл нэг үе”-ийн “Гал тогоо”-г ахлаж ажилладаг хүн Гүйцэтгэх захирал н.Чингүнжав. Дуу цөөтэй мэт харагдах ч эхлүүлсэн ажлаа дуусгах, шинийг санаачлан хэрэгжүүлэхэд хэзээ ч хойш суудаггүй нэгэн бололтой юм билээ. Мэдээж шинэхэн танилаа анхлан дүгнэсэн дүгнэлт минь шүү. Тус клубынханы ихэнх нь ярихаасаа илүү хийдэг хүмүүс байдаг болов уу гэсэн анхны бодлыг минь тодотгосон нэг зүйл бол бас л тэдний санаачилсан зүйл аж. Булган аймгийн Намнан уулын араас Хөвсгөл далай хүртлэх буюу нийт 280 гаруй км замын хогийг цэвэрлэх санаачлага гаргаж, орон нутгийнхантай хамтран хэрэгжүүлж дууссан байна. Ингэхдээ 202 тонн хог хаягдлийг цэвэрлэсэн бөгөөд 61 байгууллагын 1446 албан хаагч, 7 сумын 300 гаруй иргэд гээд нийтдээ 2000 гаруй хүмүүс гар бие оролцсон байна. Ингэхдээ тэд мөн байгаль хамгаалах чиглэлээр иргэдэд мэдээлэл өгч, хог цэвэрлэхэд шаардлагатай шуудай, бээлий, ажлын багажаар хангаж өгчээ.

Санаачилж, сэтгэл зүрхээ дайчлан ажиллавал хүмүүст ямар их нөөц бололцоо байдгийг батлан харуулсан “Хөвсгөл нэг үе” 10 жилийн хугацаанд асар их ажил амжуулжээ. Тэдний сайхан сэтгэлийн үр шимээр, нутаг ус, цаашлаад эх орон минь өөдлөн хөгжиж, үржин цэцэглэж, дэвжин дээшлэхийн ерөөл өргөе.

...Алдартан төрдөг нутаг минь дэвжихийн хүслэн

Аварга төрдөг Уйлган гол дэвэхийн хүслэн

Аялгуунд мөнхөрсөн Дэлгэрмөрөн цалгихын хүслэн

Адуун тэнгэртэй Тэсийн хөндий хурдлахын хүслэн

Нэг үеийн нэгэн хүслэн өртөөлөн

Түмэн үеийн түүх төрдөг өө...  хэмээн яруу найрагч н.Даваадамдингийн шүлгээр бүтэж, Т.Сэр-Од гавьяат аялгуу хийсэн “Хөвсгөл нэг үе”-ийн сүлд дуу бий. Үнэхээр ч тэдний нэгдэн нийлэлт бол “Нэгэн үеийн өртөөлсөн хүсэл” бөгөөд түмэн үеийн түүх болон өртөөлөх олон сайхан ажлын эзэд байх биз ээ.   

Т.Дарханхөвсгөл

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу