Монгол, Хятадын аялал жуулчлалын өдөрлөг болно

Монгол, Хятадын аялал жуулчлалын өдөрлөгийг БОАЖЯ Нийслэлийн Засаг даргын Аялал жуулчлалын газартай хамтарч долоодугаар сарын 22-23-ны өдөр зохион байгуулж байна.

Хөрш хоёр орны аялал жуулчлалын өдөрлөгийн хүрээнд долоодугаар сарын 22-ны өдөр Монгол-Орос-Хятад Улсын "Цайны зам"-ын дурсгалын хөшөөний нээлт Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжин клубын зүүн урд байрлах Дулмаалин хийдийн хашаанд үдээс хойш болно. Мөн энэ сарын 23-ны өдөр “Энх тайван, Найрамдал, Залуу элч” хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээнд зориулсан Монгол Хятад улсын хүүхдийн урлагийн тоглолт Монголын хүүхдийн ордонд болох ажээ. Тус тоглолтод Монголын хүүхдийн ордны авьяаслаг багачууд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы 90 хүүхдүүд оролцох юм байна.

Монгол, БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын 2014 оноос хийсэн гурван удаагийн уулзалтын үр дүнд Эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрт Ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан. Монгол Улсын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятад Улсын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл оржээ. Энэ нь "Цайны замын аялал жуулчлал"-ын брэндийг бий болгож, хамтарсан маркетингийн үйл ажиллагааг явуулах, Цайны зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас олон жуулчид татах нөхцөл боломж бүрдсэн байна.

Монгол, БНХАУ, ОХУ гурван улс дамнасан "Цайны зам" аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд 2016 оны долоодугаар сард БНХАУ-ын Хөх хотноо Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаан болж, Цайны замын Олон улсын холбоо байгуулагдаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Мөн оны 10 дугаар сард “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбооны Бээжингийн хамтын ажиллагааны тунхаглал”-ын дагуу Цайны замын Олон улсын холбооны нарийн бичгийн дарга нар байгуулагджээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хороо нь Цайны замын Олон улсын холбооны нарийн бичгийн дарга нарын үүргийг гүйцэтгэж байгаа юм байна. Тус холбооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 2016 оны 10 дугаар сард Бээжинд болсон хурлаар батлагджээ.

Хөрш гурван орны хамтарсан 2017 оны төлөвлөгөөний дагуу энэ оны зургаадугаар сарын 21-24-нд ОХУ-ын Буриад улсын Улаан Үүд хотноо Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хоёрдугаар уулзалт болсон юм. Энэхүү уулзалтанд оролцох замдаа БНХАУ-ын Аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао Монгол Улсад зургаадугаар сарын 19-20-ны өдрүүдэд айлчилсан байна.

Цайны замын брэндийг сурталчлах хүрээнд хоёр өдөр Улаанбаатар хотноо болох Хятад, Монгол хоёр орны аялал жуулчлалын өдөрлөг нь БОАЖЯ хөрш орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм байна. Энэхүү өдөрлөг нь Цайны замын Олон улсын холбооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил ажээ. Түүнчлэн Хятадын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын байгууллага, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий нийт 460 орчим хүн Монголд болох өдөрлөгт оролцохоо илэрхийлсэн байна.

“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” нь дараах багц хөтөлбөрүүдийн хүрээнд болно.Үүнд:

  1. Монгол-Хятадын Цайны замын Олон улсын аялал жуулчлалын форум
  2. Улаанбаатар хот дахь Цайны замын дурсгалын хөшөөний нээлт
  3. Авто аяллын нээлтийн ажиллагаа
  4. Монгол-Хятадын аялал жуулчлалын тур операторуудын уулзалт
  5. Хүүхдийн аяллын нээлтийн ажиллагаа
  6. Хилийн бүсийн аймгуудын дарга нарын уулзалт
  7. Нүүдэлчдийн наадам

Тус  өдөрлөгийг БНХАУ-ын 25 томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хүрэлцэн ирж, сурвалжилж, шууд эфирээр Хятад орон даяар дамжуулна гэж мэдэгджээ.

Б.Баярмаа 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу