Ц.Содномдорж арслан туулж ирсэн хар бор амьдралынхаа талаар ийн дурсжээ

 Отгон арслан Ц.Содномдорж хамгийн олон фэнүүдтэй бөхчүүдийн нэг маргаангүй мөн. Олныг шуугиулсан уран хурц барилдаанаас гадна бөхийн найраа, өгөө аваанд хутгалддаггүй цөөхөн бөхчүүдийн нэг гэлцдэг. Тэрээр арслан болсныхоо дараа "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа туулж ирсэн хар бор амьдралынхаа талаар дурсжээ.

 "Манайх 1999 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Намайг тавдугаар анги төгсдөг жил л дээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөөгүй хүүхдэд зуныхаа амралтаар ажил олж хийх шиг хэцүү даваа байхгүй. Гэртээ зүгээр сууж байхаар гэрийнхэндээ нэмэр болъё гээд “Нарантуул” захад тэрэг түрэн, хүмүүсийн ачаа зөөдөг байлаа. Овоо хэдэн төгрөг олон, хүнсээ авч дөнгөдөг байсан шүү. Би найм дахь хүүхэд нь болоод ч тэр үү, шинэ хувцас өмсөнө гэдэг нүдний гэм. Ах, эгч нарынхаа хуучин, багадсан хувцсыг л өмсөж өссөн дөө. Манайх төмөр хоёр ортой, гэрт амьдардаг байлаа. 10-уулаа гэрийнхээ хойморт гөөхийлдөөд унтдаг байсан сан. Томчууд нь голоор, багачууд нь захаар унтана. Учир нь томчууд нь захаар унтахаар хөл нь оронд тээглээд байдаг байсан юм" хэмээн хуучилжээ. Шинэ арслан шагналын дээжээсээ ой хээрийн түймэрт өртөөд буй сумдуудад ажиллаж буй эх оронч залууст хувийн зүгээс сэтгэлийн хандив өргөсөн нь ард түмнээс өндөр үнэлгээ авсан. Түүнийг арслангийн дайтай арслан гэцгээж байв. Харин арслан үүнд эрдэлгүй "Дараа жил түрүүлнэ, аварга болно гэж том амлаад яах вэ. Мэдээж юуны түрүүнд олны итгэлийг хөсөрдүүлэлгүй, арслан цолондоо эзэн болж явахыг хичээнэ" гэж даруухан хариулжээ. 

 Д.Түвшин: Эх сурвалж:Breakingnews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу