Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 
 
Үүнээс өмнө “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 
 
Харин одоо Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг асуудлыг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн юм. 
 
УИХ-аас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлахдаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан юм. Гэвч Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хуулийг нэг өгүүлбэрээр хүчингүй болгох гэж байна. Хоёрдугаарт заавал яагаад 7 сарын 1-нийг сонгосон юм бэ. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдох төсөв санхүүгийн мэдээллийг өгнө үү" гэхэд С.Бямбацогт сайд гишүүн "Энэ хуулийг хүчингүй болгох гэж байгаа зүйл байхгүй. Үүнээс гадна хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл ажилтай уялдуулан 7 сарын 1 гэсэн. Уг хуулийг хэрэгжүүлэхэд Төсвийн хувьд 93 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ нь 2016 оны төсөвт суугаагүй" гэсэн юм. 
Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 
 
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу