“Их монгол”-ын идэр эрчүүдийн бэлтгэл жигдэрч байна

Гандуухан байсан байгаль дэлхий хэдхэн хоногийн өмнө орсон борооны нөлөөгөөр өнгөө засч амжжээ. Гэсэн хэдий ч хангалтай чийг авч чадаагүйг нь замын хажуугийн бужигнасан цагаан тоос илтгэх мэт байв. Ядахад ойрын өдрүүдэд нийт нутгаар өдөртөө огцом халж байгааг хэлэх үү. Ийм л бороо хүссэн тэнгэр дор Төв аймгийн нутагт байрлах, хотоос холгүйхэн зайтай Бугын сангийн аж ахуйн амралтыг чиглэлээ. Учир нь энд уламжлал ёсоор Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөхчүүд наадмын бэлтгэлээ базааж буй юм. Уламжлал ёсоор гэж тодотгосон учир нь энэ амралтад Өвөрхангай аймгийн бөхийн гал 19 дэх жилдээ улсын баяр наадмын бэлтгэлээ базааж байгаа юм. Тэгэхээр энэ аймгийн бөхчүүдийн шинэ зууны ууган наадмуудын амжилт Бугын сангийн аж ахуйн амралттай салшгүй холбоотой гэсэн үг. Тухайлбал 1998 онд анх бэлтгэлд гарсан жилээ Хужирт сумын уугуул улсын заан Д.Сумъяабазар найм даван үзүүрлэж, энэ амжилтаа дараа жил нь бататгаж байсан түүхтэй. Тэрбээр энэ цагаас хойш төрийн их баяр наадамд хоёр удаа үзүүрлэж, нэг түрүүлэн үндэсний бөхийн оргил цолонд хүрсэн бол Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарсан 10 жилийнхээ ой дээр Д.Ганхуяг улсын наадамд босоо үлдэж, Монгол Улсын арслан цолтны эгнээнд багтаж байв. Үүнээс гадна Д.Ганхуяг арслан найм даван үзүүрлэж, Б.Сайнбаяр, Т.Санчир нар заан цол хүртсэн зэрэг амжилтаас шалтгаалж, тус галынхан энэ газрыг ээлтэй хэмээн бэлэгшээх нь бий. Өнгөрсөн жил л гэхэд Өвөрхангай аймгаас гурван залуу бөх нэгэн зэрэг улсын цолтой бөхчүүдийн бүлд багтсан амжилт үзүүлснийг бөх сонирхогчид санаж буй биз.

Тэгвэл “Хилчин” спорт хорооны “Хилчин” бөхийн дэвжээ Өвөрхангайн бөхчүүдтэй айлсаад мөн л 10 орчим жил болжээ. Энэ галыг 1981 онд улсын гарьд Д.Баяраагаар тав давж Монгол улсын начин цол хүртэж, улмаар дараа жил нь цолоо баталсан гавъяат дасгалжуулагч Д.Дашжамц удирдаж, өсөх идэр начин Н.Бүрэнбаатар дасгалжуулж байгаа юм. Тус галд улсын заан М.Өсөхбаяр, харцага Т.Амартүвшин, өсөх идэр начин Б.Жамъянпүрэв тэргүүтэй 40 орчим бөх багтаж буй гэнэ. Харин Өвөрхангайн галд улсын арслан Д.Ганхуяг, заан Д.Сайнбаяр, Т.Санчир, харцага Х.Гантулга, начин Ц.Чимэддорж, Л.Батзориг тэргүүтэй 50 аймаг, сум, улсын наадамд хүч үзэх нийт 50 гаруй бөх бэлтгэл хийж байгаа тухай бөхийн самбо барилдааны дэлхийн аварга, гавъяат тамирчин Д.Пүрэвсүрэн хуучлав.

Биднийг тус галын дэргэд дөрөө мултлахад улсын цол зэрэгтэй бөхчүүд амралтын байрандаа унтаж буй бололтой байв. Амралтын газрын саруулхан том хашаанд зүс үзээгүй залуу бөхчүүд голдуу ус, хувцас зэргийг нааш цааш зөөж харагдана. Зарим нь хэд гурваараа нийлж, амралтын шовгор байшингийн сүүдэрт нэгнээ хүйтэн усаар сэрүүцүүлэн дэггүйтэж байлаа. Гэвч тэд хэдий ийн дэггүйтэвч дуу чимээ гаргаж, сүр дүрийг үзүүлэхгүй байгааг бодоход энд цэрэгжилтийн байдал үйлчилдэг болохоос зайлахгүй гэсэн таамгийг эрхгүй төрүүлж байв. Энэ мэтийг ажиглаж, танил бөхчүүд тааралдах тухай горьдлого тээн байшин, гэрүүдийн үүд ээлжлэн харуулдах зуур сумын цолтой болов уу гэмээр гурван залуу ус авч явахтай таарчихав. Хэрэг зорилгоо хэлэхэд “Тун удахгүй бид барилдааны бэлтгэлдээ гарах гэж байгаа. Тэр үеэр багш нартай уулзчихвал амар биз. Дөнгөж сая Бүрнээ багш өрөөндөө унтаж байна лээ” гэв. Ийн ярихад нь тэднийг “Хилчин” галын бөхчүүд гэдгийг нь мэдэж авлаа. Тэдний тавьсан санал таалагдсан тул бэлтгэлд гарахыг хүлээхээр шийдэв. Энэ зуур тэдний ажлыг түр саатуулж, өдөрт ямар хуваариар бэлтгэл хийдэг, хэрхэн хооллож амардаг тухай лавлав. Энэ амралтад нийтдээ 100 гаруй бөх бэлтгэл хийж байгаа гэнэ. Ойролцоогоор энэ бөхчүүд өдөрт нэг хонь хүнсэндээ хэрэглэдэг байна. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийж, бусад цагт тайван амрахыг хичээдэг тухай өгүүлэв.

Жин үдийн нар зулай төөнөж, тэвчээр шалгахаар байсан тул богино хугацаанд хөөрөлдөж сүүдэр бараадахаар хоёр тийш салснаар бидний яриа өндөрлөв. Уг нь тэд “16.00 цагт барилдааны бэлтгэл эхэлнэ” гэж хэлсэн боловч энэ хугацаанаасаа цагаар хоцорч байж, ганц нэг бөх бэлтгэлийн талбайгаа чиглэн алхаж эхлэв. Магадгүй тэд нар буухыг хүлээж, ийнхүү цагаа хойшлуулсан ч байж мэдэх.

 Цол горилсон залуус улам өнгөтэй болжээ

Амралтын байрнаас бэлтгэлийн талбай ортол км орчим явж хүрдэг аж. Зарим нэг нь машинаа хөлөглөж, нөгөө хэсэг нь том том н алчуур норгож, түүгээрээ дал мөрөө халхлаж алхсаар бэлтгэлийн талбайдаа хүрч ирэв. Гэвч төсөөлж байсныг бодоход маш богино хугацаанд бэлтгэл эхлэв. “Их монголын хүчтэн” дэвжээ бол улсын баяр наадмыг өнгийг их бага хэмжээгээр тодорхойлох нь гарцаагүй. Тиймээс энэ галд цол зэргээ баталж, ахиулах сайн бөчхүүдээс гадна улсын цолны мөрөөдөл болсон цөөнгүй залуу ч харагдав. Тухайлбал улсын баяр наадамд хэд хэдэн жил барилдаад хүссэндээ хүрч хараахан амжаагүй яваа аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, арслан Д.Болдбаатар, Б.Батдоржоос эхлээд өнгөрсөн жил аймгийнхаа наадамд түрүүлсэн Т.Ядамсүрэн  нар багтаж буй. Мөн бөх сонирхогчид, мэргэжилтнүүдийн анхаарлыг багагүй татдаг өнөө жил 20 нас шүргэж буй аймгийн арслан Б.Лхагвадорж барилдааны техник давтаж харагдав. Энэ өдрийн бэлтгэлийг дасгалжуулагч ардын багш Ч.Дамдиншарав, улсын начин Д.Пүрэвсүрэн нар удирдаж байв. 1985 оны улсын баяр наадмын түрүү бөх, гавъяат дасгалжуулагч Б.Ганбаатар, арслан Д.Ганхуяг нар хот орох ажил гарсан тул чөлөө авчээ. Бэлтгэлийн явцыг ажиглавал голдуу барьцтай барилдах, шахаж өргөх, сугадаж тахимдах зэрэг мэхүүдийг голчлон давтуулж байгаа нь харагдав.

Д.Пүрэвсүрэн дасгалжуулагчийн ярьж буйгаар “Бөхийн барилдааны дүрэмдээ тааруулж бэлтгэл хийх учиртай. Тэгээд ч сүүлийн жилүүдэд дүрэмтэйгээ холбогдуулж бөхчүүд жингээ их нэмсэн. Одоо 90 кг жинтэй сумын заан гэж байхгүй” хэмээн ярив. Гэвч тэрбээр үндэсний бөхийн одоогийн дүрэмд сэтгэл дундуур явдгаа нуусангүй. Түүний хэлж буйгаар цаг хугацаа зааж, бариулж, барьц сонгуулж барилдуулдаг болсноос хойш бөхчүүдийн тэвчээр хатуужил, уран мэх зэрэг тийм ч чухал биш болжээ. Харин ч эсэргээрээ уйтгартай, цаг хүлээж зогссон байдалд шилжсэн гэж начин дүгнэж байна.  Мөн тэрбээр “Хүүхдүүд ямар хүн болохоо өөрсдөө шийддэг болсон. Хэрвээ үнэхээр үндэсний бөхөөр хичээллэх сонирхолтой бол бэлтгэл сургуулилалттай газар ирэх боломж бүрэн нээлттэй болж, Биеийн тамирын сургууль болон клубууд нэг үеэ бодвол их болсон. Тэгээд ч сайн барилдаад байвал амьдрал ахуйгаа аваад явчих хэмжээнд хүртэл үндэсний бөх хөгжсөн” гэв. Бөхчүүдийн хувьд наадам ойртсон үед элдэв зүйл ярих нь зохимжгүй гэдэг шалтгаанаар ам нээх тун дургүй байв. Танил бөхчүүд хүртэл инээд алдаад тойрч яваад байх нь нэг л эвгүй. Мэдээж тэдний үзэл бодлыг бид хүндэтгэх учиртай...

Ч.Дамдиншарав: Хэн нь ч амжилт үзүүлэх бололцоотой

 Энэ үеэр “Их монголын хүчтэн” дэвжээний дасгалжуулагч, ардын багш Ч.Дамдиншаравтай хөөрөг зөрүүллээ. Өмнө нь ажил хэргийн шугамаар ганц нэг уулзаж байсан тул танимгайрч, “Аль нутгийн хүү билээ” гэж лавлаад “Булганы тагнуул биш биз. Өвөрхангайхан ямархуу байна, Хэн хэн байна гэж тандаад л... Хүн асуувал сурвалжлагч гэж хэлээрэй гэж явуулсан биз...” гэж хэлээд учиргүй чангаар инээснээ “Ерөнхийлөгчийн сонгууль яаж байна” гэсэн асуултад нь СЕХ-ноос гаргасан шийдвэрийг хэлж байж сая нэг өөрөө асуулт асуух эрхтэй болж амжив.   

 -Сайхан зусч байна уу. Бөхчүүдийн бэлтгэл хэр чигдэрч байна вэ?

-Сайхан зусч байна. Биднийг энэ сарын эхээр бэлтгэлд гарахад жаахан гандуу байсан саяхан үргэлжилсэн бороо орж өнгө заслаа. Манай аймгийн бөхчүүд 1990-ээд оны сүүл үеэс эхлээд тасралтгүй энэ сайхан хангайд наадмын бэлтгэлд гарч байна. Энэ хугацаанд улсын наадмын хоёр түрүү, таван үзүүр нэлээд олон их шөвгийг авлаа. Өнгөрсөн жил л гэхэд манай галаас гурван бөх улсын цол хүртсэн.

-Ирж явахдаа “Хилчин” спорт хорооны бөхчүүдтэй хамт бэлтгэлээ базаадаг юм байхдаа гэж бодож байлаа?

-Наадам дөхсөн болохоор хамт бэлтгэл хийхгүй байна. Мэх, арга барил зэргээс эхлээд нууж хаах зүйл байдаг. Үндсэндээ наадмын бэлтгэлд олноороо нийлж гарна гэдэг маань бөхчүүдээ сэргээж, тактик боловсруулж л байгаа хэрэг шүү дээ.

-Дасгалжуулагчдын хувьд улсын наадмын оноолтыг урдчилан боловсруулдаг байх тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Нэгэнт үндэсний бөхийн холбооноос цол зэрэг, амжилтаас нь шалтгаалаад эрэмбэ тогтоочихсон учраас хэдийн даваанд хэн хэнтэй таарах зэргийг нь тооцоолохыг хичээнэ. Ер нь тийм ч хол зөрдөггүй л юм. Угаас эрэмбэ цол зэргээс гадна таарч байгаа хоёр бөхийн хэн нь давамгайлах магадлалтай нь үндсэндээ тодорхой байдаг. Тиймээс тийм ч хол зөрөхгүй. Гэвч нэг том цолтой бөх доогуур даваанд унахад л тэр жилийн барилдаан бүхлээрээ өөрчлөгддөг тал ч бий. Энэ зэргийг тооцож бэлтгэл сургуулилт хийлгэхийг хичээдэг дээ.

-Д.Ганхуяг арслан, Б.Сайнбаяр заан тэргүүтэй цөөнгүй бөх өнөөдрийн бэлтгэл дээр алга байна. Ер нь байгаа биз дээ?

-Б.Сайнбаяр заан чөлөө аваад хот явсан. Арслангийн хувьд өглөө бэлтгэлдээ гарчихсан. Ер нь 40-өөс дээш насны бөхчүүдэд ачаалал их өгч, бэлтгэл ихээр хийлгэвэл сэргэлт авахгүй байх магадлалтай. Зарим тохиолдолд сэргэлт авч чадалгүй “уначих” тохиолдол ч бий. Энэ бүгдийг тооцох ёстой. Улсын наадам хоёр дахь өдөр эхэлнэ. Шинжлэх ухаан талаас авч үзвэл өнөөдөр лхагва гариг гэдэг маань наадмын хоёр дахь өдөр болж байна гэсэн үг. Хоёр дахь өдрийн үдээс хойш хамгийн гол барилдаанууд өрнөдөг. Тэр үед бөхчүүд сэтгэл санаа болоод бие бялдрын хувьд бэлэн болчихсон байх учиртай.

-Улсын цол хүртэх магадлалтай аймгийн арслан цөөнгүй байна. Ер нь яг хэнд нь илүү найдаж байна вэ?

-Наадам болох гэж байгаа хариуцлагатай энэ үед нэр зааж, тэр энэ гэж хэлэх зохимжгүй. Энд байгаа арслангуудын хэн нь ч улсын наадамд амжилт үзүүлэх бололцоотой.

-Ахмад тамирчны хувьд та энэ жилийн наадмын өнгийг хэлж өгөөч. Гал ахалж байгаа, туршалагтай тамирчны хувьд нэг зураглал гаргасан л байх даа?

-Өнөө жилийн наадамд 512 бөх барилдана. Нэг дархан аварга, улсын гурван аварга манлайлах байх. Мөн идэр залуу 4-5 арслан бий. Эд нарын хэн нь илүү сэтгэж, толгойгоо ажлуулсан нь илүү амжилт гаргана. Нэг үе Б.Бат-Эрдэнэ түрүүлнэ, Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэнэ, үгүй бол О.Балжинням гэх мэтээр тааж болдог байсан. Одоогийн бөхийн энэ үетэй харьцуулах аргагүй. Магадгүй аймгийн цолтой бөх ч түрүүлж болох шүү дээ. Хэдхэн жилийн өмнө улсын наадамд цолгүй бөх түрүүлж байсан тохиолдол ч бий. Тэгэхээр энэ их төвөгтэй асуулт.

-Энэ нь бөхийн спорт жигд хөгжиж байгаатай холбоотой юу?

-Тийм. Нийгмийн байдлаас ихээхэн шалтгаалж байна. Нэг үе хөдөөний сайхан залуус мал маллаж, тээвэрт явж барилддаг байсан бол одоо эрх чөлөөтэй, хаана ч бэлтгэлээ базаагаад барилдах боломжтой болсон. Тэр ч утгаараа бөхийн спорт манай оронд жигд хөгжиж байна. хамгийн ойрын жишээг харахад л бөхийн өргөөнд болдог барилдаанд нэг хүн дараалан түрүүлж чадахгүй байна шүү дээ. Энэ чинь цаагуураа нэг зүйл хэлээд байна л гэсэн үг. Ийм үед бөхчүүдийн хэн нь ухаан зарцуулж байна, түүнд л амжилт ирнэ дээ.

-Танай галын бөхчүүд хэзээ буух вэ?

-Ерөнхийдөө наадмаас 1-2 хоногийн өмнө буудаг. Энэ жил ч ялгаагүй. Тэгээд л улсын наадамдаа бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлнэ дээ.

-Ярилцсанд баярлаа. Сайхан наадаарай.

-Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Энэ жилийн наадмын барилдаан үзэх зүйл ихтэй, ярих сэдэв элбэгтэй сайхан болно оо.

 

Д.Ганбаатар

 

  

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу