Монгол Улс баялгийн засаглалын үнэлгээнд Евразийн улсаас сүүл мушгилаа

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь “2017 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн тайланг зургаадугаар сарын 29-ны өдөр ННФ-ын хэлэлцүүлгийн танхимд танилцууллаа. 

Монгол Улс 2017 оны дэлхийн хэмжээний байгалийн баялгийн засаглалыг үнэлдэг индекст 100-аас хангалттай буюу 64 оноо авлаа. Судалгаанд 89 орон хамрагдаж, манай улс 15 дугаар байрт орлоо. Уул уурхайн татвар ногдуулалт, баялгийн орлогын орон нутгийн хуваарилалттай холбоотой засаглалын асуудлаар Монгол Улс Евразид сайн оноотой байгаа юм. Харин “Эрдэнэс Монгол” санхүүгийн мэдээллээ зохих хэмжээнд нийтлээгүй нь шүүмжлэл дагуулж байна гэж Н.Дорждарь мэдээлж байна.

Тэрээр  "Уул уурхай, газрын тос, ашигт малтмалын салбараас хамааралтай улсууд дэлхийд олон бий. Манай улс ч мөн адил гэдгийг бид сайн мэднэ. Манай байгууллага газрын тос, байгалийн хий уул уурхайн салбарт сайн засаглалыг дэмжих зорилготой байгуулагдсан төрийн бус байгууллага.

Монгол Улсын төсвийн тогтворжуулалтын сан судалгаанд хамрагдсан 34 Үндэсний баялгийн сангаас 18-д жагссан. Мөн хуваарилалтын дүрэм журмын ил тод байдлыг  хангаж, иж бүрэн тайлагнадаг байдлаараа Монгол Улс засаг захиргааны түвшин хоорондын баялгийн орлогын хуваарилалтын үзүүлэлтээр Бразил улсын дараа орж, индексийн  хоёр дахь сайн дүнг авсан байна.  

Баялгийн засаглалын индекс нь 150 судлаач 149 нэн чухал асуултад хариулж, 10,000 орчим холбогдох баримт бичгийг судлах замаар боловсруулсан нийт 81 улсын 89 салбарт хамрах үнэлгээний нийлбэр юм. Үнэлгээ тус бүрд ББЗХ нь индексийн гурван бүрдэл хэсгийн оноонд тулгуурлаж ерөнхий оноог гаргасан. Үнэлгээний хэсгүүд нь тухайн салбараас тус улсын үнэ цэнэ хүртэх байдал, орлогын менежмент, дэмжигч орчин гэсэн гурван дэд хэсэгт судалсан.. 

Дээрх улсуудын тодорхой салбаруудыг судалсан гэж хэлж болно. Монгол Улсын хувьд уул уурхайн салбар илүү давамгайлсан учраас уул уурхайн салбарыг үнэлсэн юм. Манай улсын уул уурхайн салбарын ил тод байдал сайжирсан ч хариуцаж тайлагнах асуудалд ахиц гараагүй байна. Харин хамгийн муу оноо авсан үзүүлэлт төрийн өмчит компанийн засаглал байлаа. Монгол Улс 100 онооноос 40 оноо авсан нь индексийн үнэлгээнд орсон Евразийн 9 улсаас 7-д жагсаж сүүл мушгисан. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, өөрсдөө энэ асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.“ гэж хэллээ.

Мөн Н.Дорждарь нэмж тайлбарлахдаа “Манай улсын индексийн ерөнхий оноо хангалттай гэсэн дүнтэй байгаа ч Монгол Улс уул уурхайгаас хараат бөгөөд түүхий эдийн үнээс хэт хамааралтай байна. Түүхий эдийн үнэ доогуур байгаа нь Засгийн газар зээлсэн мөнгөнийхөө өрийн хүүг төлж чадахгүйд хүрч байна. Энэ асуудлыг шийдэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол зах зээл тогтворгүй хэвээр байх хандлага байна. Ийм байдалд ОУВС бидэнд тус болохгүй. Харин уул уурхайн салбарын өсөлт, уналтын мөчлөгийг  сөрөх Засгийн газрын арга хэмжээ болох төсвийн дүрэм, тогтворжуулалтын санг бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Мөн Засгийн газар аливаа хүндрэл учрах бүрт өөрчлөлт хийхгүй байх нь чухал” гэв.

Одоогийн байдлаар манай улс 18 сая тонн зэсийн нөөцтэй байгаа аж. Энэ нь дэлхийн нийт нөөцийн хоёр хувьтай тэнцэж байгаа юм. Манай орны зэсийн энэ нөөц нь сүүлийн арваад жилд томоохон хөрөнгө оруулалтыг татсан байна.Түүнчлэн манай орны парламентын хяналт сул байгаа нь Үндэсний баялгийн сангийн засаглалд сөрөг нөлөөтэй гэж тус тайланд дурджээ.

Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу