Танхайн хэргээр шалгагдаж байсан улсын начин Б.Сугаржаргалд ял оноов

Улсын начин Б.Сугаржаргалтай холбоотой хэл ам тасардаггүй. Одоогоос хоёр жил гаруйн өмнө Үндэсний их баяр наадмаар Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандоржид унасандаа шаралхан бөхийн барилдааныг шүүж байсан улсын харцага Д.Сэрээтэрт гар хүрч одныг бухимдуулж байсан.

Үүгээр зогсохгүй Б.Сугаржаргалын ах дүүс нийлж хөлийн цэц, улсын харцага Д.Сэрээтэрийг элдвээр доромжилж заналхийлсэн байдаг. Энэ асуудал эцэстээ цагдаагийн байгууллагад гомдол гаргаж дууссан юм.

Тэгвэл Б.Сугаржаргал өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд буюу оны өмнөхөн дахин караокед танхайн сэдэлтэй хэрэг үйлдэж шүүхийн байгууллагаар оржээ. Түүний үйлдсэн танхайн хэрэгт прокуророос 3 жилийн хугацаагаар хорихоор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснээр шүүх хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн байна. 

Хамгийн гол нь эл хэргийн хохирогч нь эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн үеэс хойш эмнэлгийн байгууллагаар явсаар өдгөө эмчилгээ нь дуусаад байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу