Шат дараатай тэмцлээр хяналт тавина

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах нь МАН-ын ашиг сонирхол гэж танай бүлгээс тайлбар хийсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Өмнөх парламентын үед Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг боловсруулах явцад МАН-ынхан маш их эсэргүүцэж байсан. Тухайн үед МАН-ын зарим гишүүд олонх болвол энэ хуулийг хүчингүй болгоно гэж хэлж байсан. Одоо тэр улс төрийн зорилгоо биелүүлж байгаа юм байлгүй. Хоёрдугаарт, хувь хүн эрх чөлөөгөө баталгаажуулах нь МАН-д таалагдаагүй байх. Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эдгээр хуулийг оруулж ирэх гээд байгаа нь шоронжсон хуулийнхаа хүрээнд хүмүүсийг дарамталж, айлгасан эрх зүйн орчинд байлгах сонирхол нь давамгайлаад байгаа юм. Шинээр баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль нь харьцангуй хүний эрхийг дээдэлсэн, хөнгөн гэмт хэргийг зөрчилд тооцох чиглэл рүү явж байсан. Ингэснээр ардчилал хөгжсөн томоохон улс орнуудыг жишиг рүү явах алхам болох байлаа.

-Өмнө нь хуулиа ёсчилж батлаагүй учраас өнөөдөр буруудаж байгаа юм биш үү?

-Буруу юу байх вэ дээ. Уг нь бол Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль батлагдаад төрийн эмхэтгэлд хэвлэгдсэн, хүчин төгөлдөр хууль. Одоо есдүгээр сарын 1-нд хэрэгжих гээд хүлээгдэж байгаа юм. Эрүүгийн хуулийг дагаж гарсан таван хууль байдаг. Эдгээр хуулийг баталчихсан атал эцсийн найруулга сонсоогүй. Сонгуулийн өмнө эцсийн найруулга хийх гээд чуулган зарласан боловч ирц бүрдээгүй шүү дээ.     

-МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Одоо хүч түрээд асуудлыг шийдээд байх вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. АН үүн дээр хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?

-Бид хуулийн хүрээнд асуудлаа тавина. Зөвшилцөх арга замыг хайна. Тэгээд болохгүй бол улс төрийн тэмцлийн бүхий л хэлбэрүүдийг ашиглана. МАН нийт сонгогчдын 45 хувийн санал авчихаад 65 суудал авсан. АН 37 хувийн санал авсан атал есөн суудал авсан. МАХН 10 гаруй хувийн санал авсан ч нэг суудал авсан. Энэ бол сонгуулийн тогтолцооны гажиг. Эрх барьж байсан намын хувьд АН-ын маш том алдаа. Тиймээс нийт сонгогчдын саналаар гарч ирж чадаагүй гэдгээ сайн бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, бүрэн эрхийн хугацаа богинохон. Хоёр наадам үзээд дараагийн сонгууль болно. Иймд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд анхаарах хэрэгтэй. Үнэмлэхүй олонх болсон гэж бардаад аливаа асуудлыг хүчирхийлсэн арга замаар шийдвэл сайн үр дүн гарахгүй.

-АН-ын дарга хариуцлагаа хүлээж суудлаасаа буусан. Эзэнгүй байгаа намын даргад маш олон хүн өрсөлдөж байгаа тул ҮЗХ хуралдаж чадсангүй гэж олон нийт таамаглаж байна. Энэ үнэн үү?

-Тийм асуудал байхгүй. Наймдугаар сарын 25-нд ҮЗХ хуралдах тов зарласан. Үүнтэй зэрэгцээд ээлжит бус чуулган хуралдахаар болсон. Бид ярилцаад ээлжит бус чуулганы дараа хуралдахаар болсон. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал бол улс орон, хувь хүний эрх чөлөөнд нөлөөлөх хэмжээнд байна. Тиймээс улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан. АН-ын ҮЗХ ээлжит бус чуулган хаасны маргааш буюу есдүгээр сарын 16-нд хуралдана. Хоёрдугаарт АН-ын шинэчлэлийг намын дарга солих төдий байдлаар харвал өрөөсгөл. АН үзэл баримтлал, онолын өөрчлөлт, үнэт зүйлээ зөв тодорхойлох ёстой. Тэгж байж жинхэнэ шинэчлэл болно.  

-АН-ын ҮЗХ-ны 200 гаруй гишүүн тойрч суугаад аливаа асуудлаа шийдчихдэг. Энэ нь АН-ын гишүүнчлэлтэй олон мянган хүний саналыг тусгаж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг танай намынхан хэлж байсан. 

-Үнэн шүү дээ. АН-ын үндсэн дүрэм ҮЗХ-ны 200 гаруй гишүүнд үйлчилж байгаа. Анхан, дунд шатны аймаг, дүүрэг, нийслэлийн гишүүдэд үйлчлэхгүй байна. Тиймээс миний бодлоор үндсэн дүрмээ яаралтай шинэчлэх ёстой. Хоёрдугаарт шинэчлэлт хийх гэж байгаа бол үнэт зүйлээ зөв тодорхойлж үзэл баримтлал дээр тулгуурлан бодлогын нам болж шинэчлэгдэх ёстой.

-МАН сонгуульд ялалт байгуулж, Засгийн газраа байгуулсны дараа хэлж байгаа ганц зүйл нь “эдийн засаг хүнд байна” гэдэг. Үнэхээр тэдний хэлж байгаачлан өнгөрсөн хугацаанд төр барьсан Засгийн газар эдийн засгаа тийм хүнд нөхцөл байдалтай хүлээлгэж өгсөн юм уу?  

-2012 онд бид Засгийн газар хүлээж авахад 2 их наяд төгрөгийн өртэй байсан. Тэр үед БНХАУ-ын “Чалко”-оос нүүрсний урьдчилгаа нэрээр 300 сая ам.доллар, “Эрдэнэт”-ийн урьдчилгаа төлбөр 70 сая ам.доллар аваад идчихсэн байсан. Монголбанкнаас маш их хэмжээний мөнгө гаргуулсан байдаг. Энэ бүх өрийг төлөх гэж нэлээд ажил болсон. Одоо хүртэл “Чалко”-ийн өр дусаагүй байж мэднэ. Хоёрдугаарт, би ХАХНХ-ын сайд болоход хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд олгодог 1 сая төгрөгийг дөрвөн аймагт тараагаад бусад аймаг, нийслэлийн дүүрэгт өгөөгүй байсан. Бид нөхөж олгосон. 21 мянган төгрөг аваагүй маш олон мянган иргэн байсныг нөхөж олгосон. Гуравдугаарт, 2012 оноос өмнө эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Тухайн үед эдийн засаг тийм л сайн байсан юм бол хурамтлал үүсгэж, бүтээн байгуулалт хийх ёстой шүү дээ. МАН-ынхан ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй. Харин өнгөрсөн дөрвөн жилд бондоор мөнгө босгож маш олон бүтээн байгуулалт хийж чадсан. 21 аймгийг нийслэлтэй холбосон авто замтай болсон. Үндэсний үйлдвэрийн суурь, эрчим хүчний үйлдвэрийн сууриуд бий болсон. Барилгын түүхий эд дотооддоо үйлдвэрлэдэг болсон. 80 гаруй мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан. Энэ бүгд ард иргэд рүү чиглэсэн ажил юм шүү.

-“Чингис”, “Самурай” бондын санхүүжилтийг хянах хэрэгтэй гэж нэлээд олон хүн шаардаж байна. Энэ ямар учиртай юм бэ?   

-Шалгах хэрэгтэй. Бидэнд айх асуудал байхгүй. “Чингис”, “Самурай” бондоор хэдэн км зам барьж, юунд зарцуулсан нь тов тодорхой байдаг. Мэдээж энхийн цагаан тагтаа шиг бүх юм цав цагаан байсан гэвэл худлаа байх. Гэмт буруутай этгээд нь хариуцлага хүлээгээд явна биз. Харин МАН-ынхан 2008-2012 оны үед эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн гэж гайхуулаад байдаг. Гэтэл орж ирсэн мөнгө нь хайччихсан юм бэ? Тэр хөрөнгөөр юу хийсэн бэ гэдгийг тайлагнах хэрэгтэй.

2012-2016 оны Засгийн газрын өр 4,8 тэрбум ам.доллар юм. Оюутолгойд хөрөнгө оруулсан “Рио Тинто”-д өгөх ёстой 10,8 тэрбум ам. доллар, аж ахуй нэгжүүдийн авсан 2,7 тэрбум ам.долларын өр байна. Үүнээс харахад төсөвт хамаагүй 20 тэрбум ам.долларын өр байгаа юм. МАН-ынхан төсвөөс төлөх юм шиг ард түмнийг айлгаад байна. Үнэндээ тийм зүйл байхгүй. Хэрэв шалгана гэж байгаа бол өнгөрсөн найман жилийн түүхийг сөхөж шалгах хэрэгтэй.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу