Эхнэрээ “архи уулаа” гэсэн шалтгаанаар зодож амийг нь хохироосон этгээдэд ял оноов

Сүхбаатар дүүргийн VI дугаар хорооны нутагт байрлах нэгэн зочид буудалд эхнэрээ “архи уулаа” гэсэн шалтгаанаар зодож, амийг нь хөнөөсөн байж болзошгүй онц ноцтой хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ.

Тодруулбал, “өнгөрсөн дөрөвдүгээр сарын 04-05-нд шилжих шөнө тус хорооны нутагт байрлах нэгэн зочид буудалд хүн амины хэрэг гарла гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход гурван иргэн байсан бөгөөд нэг нь амиа алдаж, нэг нь тархиндаа хүнд гэмтсэн байдалтай байсан аж. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж, А гэгчийг сэжигтнээр татаж, баривчилсан юм. Тэрбээр талийгаач Н-ийн нөхөр бөгөөд “архи, пиво уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний аминд хүрсэн гэдгээ хүлээсэн байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх энэ хэргийг хэлэлцэж, сэжигтэн А-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24-р зүйлийн 24.1-д заасныг үндэслэн "онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцжээ. Мөн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар 24 жил, 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял ногдуулжээ.

Ингэхдээ 10 жилийн хорих ялыг гянданд, сүүлийн 14 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дашрамд дурьдахад, яллагдагч А нь урьд нь дөрвөн удаа ял шийтгүүлэхдээ хоёр удаа хүнд гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу