Гадаад дахь монголчууд сонгуульд оролцохгүй

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн, дээрх зүйл заалтуудыг өнгөрсөн сарын 22-ний өдөр хүчингүй болгосон. Цэцийн энэхүү шийдвэрийг УИХ хүлээн авч, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Гэвч УИХ-ын сонгууль жижиг 76 тойрогтой байхаар тогтсон нь гадаадад амьдарч буй 150 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болжээ.  Гадаад дахь монголчууд сонгууль өгөх хууль эрх зүйн үндэсгүй болсон нь  Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж зарим иргэд үзэж байна. Тэд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад зогсохгүй СЕХ болон Гадаад хэргийн яаманд шаардлага хүргүүлэхээр болсноо өчигдөр мэдэгдсэн билээ. Харин Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг дахин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш гадаадад амьдардаг иргэд УИХ, орон нутагт өөрсдийг нь төлөөлж суух иргэдийг сонгох эрхгүй гэж тайлбарлалаа. 

Өмнө нь УИХ пропорциональ системийг дэмжсэнээр гадаад дахь монгол иргэд сонгох эрхээ эдэлж чадсан. Өөрөөр хэлбэл анх удаа гадаадад амьдардаг 2777 иргэн УИХ-ын 2012 оны сонгуульд,  6233 иргэн 2013 оны  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр саналаа өгч, Үндсэн хуульд заасан сонгох эрхээ эдэлсэн юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу