Монголын аялал жуулчлалд зөв голдрилтой соёлыг хөгжүүлэх чин хүсэл

Өнөөдөр амралтын өдөр. Хурц нар нээж байна.

Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монголын үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх “Улаанбаатар-2017”нээлттэй өдөрлөг оройн 19 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Төрийн банк аялал жуулчлалын түнш банкаар ивээн тэтгэж, оролцож байгаа аж. Тус аялал жуулчлалын өдөрлөгийг сонирхохоор гадаад, дотоодын хүмүүс уван цуван ирж байлаа. Өдөрлөгийн үеэр урлагийн тоглолт үзүүлэв.

Үдээс хойш “Монголын нууц товчоо” сэдэвт аяллыг хэрхэн зохиох вэ?”, “Монгол Улсын хүрхрээг үзэж судлах аялал”, “Уулын спортын гайхамшиг”, “Гадаадад аялахад хувийн бэлтгэлийг хэрхэн хангах вэ?”, “Дугуйн аяллыг хэрхэн хийх вэ?”, “Хээрийн аяллын үед тулгарч болох гэнэтийн зүйлээс хэрхэн сэргийлэх вэ?” зэрэг сэдвээр МҮИС-ийн профессор, доктор О.Сүхбаатар, Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч С.Алдархишиг, Монголиан Гайд тур компанийн захирал Ч.Буянбадрах, Монголын цайны замын холбооны дэд тэргүүн Ш.Эгшиг нар илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.Энэхүү өдөрлөгийн дараа шилдэг павельон шалгаруулах үйл ажиллагаа болох юм байна.

Энэ үеэр Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадралаас жил болгон үндэсний аялал жуулчлалын нээлттэй өдөрлөг болдог. Энэ жил ил талбайд зохион байгуулж байна. Өмнөх жилүүдээс ямар онцлог, ач холбогдолтой болж байна вэ? гэж тодрууллаа.

Тэрээр “Манай холбоо дөрвөн жилийн өмнө байгуулагдсан. Бид дотоодын аялал жуулчлалыг зөв голдрилд нь оруулах, зөв зохистой аялалын соёлыг Монголд бий болгох зорилготой ажилладаг. Гурван жилийн өмнө манай холбоо Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг анх санаачилж, “Улаанбаатар тур” гэдэг нэртэй зохион байгуулсан. Энэ удаагийн өдөрлөгийг Яам болон НЗДТГ-ын дэмжлэгээр Д.Сүхбаатар жанжны талбайд зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд Мишээл экспод зохион байгуулахад хүмүүс тийм ч их очихгүй байсан. Харин энэхүү өдөрлөг, үзэсгэлэнгээ ил талбайд зохион байгуулсан нь нээлттэй төдийгүй ирэх хүмүүс ч их байгаа нь өндөр ач холбогдолтой болж байна. Бид уртасгасан цагаар ажиллаж, хүмүүст мэдээлэл өгч байгаа.” гэж тодотгож хэллээ.

 Б.Гэгээнтана: Монголын нутаг жинхэнэ бодит байгалиараа, говь, хангай, Хөвсгөлийн ой мод шугуй нь их гоё харагдаж байна

 Мөн Гонконг Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын компанид менежер Б.Гэгээнтана гэх бүсгүй энэхүү үзэсгэлэнг сонирхож явж байхад нь таарч, Монголын аялал, жуулчлалын өдөрлөг, үзэсгэлэнг үзээд ямар сэтгэгдэл төрж байгааг нь асуусан юм.

 -Би Өвөрмонголоос ирсэн. Гонконг Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын компанид ажилладаг. Монголд ирж, очоод явдаг. Монголын Д.Сүхбаатарын талбайд бүтэн сайн өдөр болж байгаа аялал жуулчлалын үзэсгэлэнг сонирхож байна. Монголын байгалийн зургуудыг үзлээ. Их гоё юм. Монголын нутаг жинхэнэ бодит байгалиараа, говь, хангай, Хөвсгөлийн ой мод шугуй нь их гоё харагдаж байна.

Би өнгөрсөн жил Майдар бурхныг бүтээхэд гурван сая төгрөг хандив өргөсөн юм. Харин сая энэ үзэсгэлэнгээс Майдар бурхны гэрэл асдаг бэлэг дурсгал худалдан аваад баяртай байна.

 -Өвөрмонголд аялал жуулчлалын өдөрлөг болдог байх. Монголоос ямар ялгаа ажиглагдаж байна вэ?

-Өвөрмонголын газар нутгуудын байгалилаг тал нь цөөхөн, ихэнх нь хүний гараар бүтсэн байдаг. Тэнд газар нутаг нь хязгаартай ч хөдөө талд очиход уул ус, ургамал, амьтан зэрэг бүх байгаль нь сайхан харагддаг.

-Монголын аль нутгаар аялж үзсэн бэ?

-Өвөрхангай, Архангайн нутгаар аялсан. Надад Архангайн Өгийн нуур, Хархорины аялал их гоё санагдсан.

Дараа нь Нью Жуулчин турс компанийн албан байгууллага хариуцсан менежер Э.Дамбадоржтой уулзаж, компанийн аялал жуулчлалын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцсэн талаар санал солилцлоо.

Тэрээр “Манай компани аялал жуулчлалын салбарт анхдагч ISO-9001 буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт 2014, байгаль орчны удирдлагын тогтолцоог  нэвтрүүлсэн. Ер нь гурван стандартыг нэвтрүүлэхдээ аялал жуулчлалын үйлчилгээнд соёлыг дэлхийн жишигт тааруулж, олон улсын стандартад  нийцүүлэн хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жил манай компани гадаадын 5253 жуулчин хүлээж авсан бол гадаад руу 3583 монгол жуулчид явуулсан. Одоогийн байдлаар гадаадаас  жуулчин хүлээж авч, үйлчлээд Монголдоо нэг номерт татвараа төлж байна. Манай компанийн маршрутаар Австрали, Америк, Япон улсаас жуулчид ирдэг. Сүүлийн үед  хятад, оросууд  Монголд аялахаар ирэх хандлага нь нэмэгдсэн. Харин монголчууд Япон, Европын орнууд, Хятадын очиж үзээгүй түүх дурсгалтай газрууд руу их аялж байна.” гэж ярьсан юм.

Харин Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын группын гүйцэтгэх захирал Б.Алдар аялал жуулчлалынхаа шинэ үйлчилгээний талаар сонирхуулж байлаа. Тэр залуу энэ тухай онцлохдоо,

“Манай групп олон улсын галт тэрэгний аялал зохион байгуулдаг. Галт тэрэг нь дотроо саун массаж, караоке зэрэг зочид буудлын стандартыг хангасан үйлчилгээтэй. Жуулчдын аюулгүй байдлыг хангасан. Бээжингээс Монгол хүртэл аялдаг. Дараа жил ОХУ, Улаан-Үд, Байгаль нуур хүртэл аялах маршрутаар үйлчилнэ.” гэж хэлэв.

Зарим иргэдээс Монголын аялал жуулчлалын компаниудын маршрут, аялалын онцлогийг сонирхон асууваас “Миний сонирхсон зарим нэг аялал жуулчлалын компаниуд энэ өдөрлөгт оролцоогүй байна. Өдөрлөгт тавьсан үзэсгэлэн, аялал жуулчлалын зарим гадаад, дотоодын маршрут сайхан санагдлаа” хэмээн хэлж байлаа.

 Сурвалжилсан Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу