Барсаг Эрнэсто Валвердег удирдана

-Каталоны нэр төр болох Барсагийн шинэ дасгалжуулагчаар олны төдийлөн мэдэхгүй менежер сонгогдлоо-

Энэ улирлыг дуусгаад багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн Луйс Энрикэгийн араас хэн Барселонагийн жолоог атгах вэ гэдэг хөлбөмбөг сонирхогчдын дунд өнөөдрийг хүртэл асуултын тэмдэг хэвээр байлаа.

Тэгвэл өнөөдөр Барселона клуб ирэх улирлаас эхлэн Эрнэсто Валвердег багийн менежерээр томилогдсоныг зарлалаа.

Өдгөө 53 настай тэрээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд Атлетик Билбаог дасгалжуулж, өнгөрсөн долоо хоногт ажлаа өгөөд байсан юм. Барселона клуб түүнтэй хоёр жилийн гэрээ хийсэн бөгөөд энэ талаар Барселона клубын ерөнхийлөгч Хосэп Бартомэу, “Би түүнтэй уулзсан. Тэд бидний шийдвэрийг сонсоод маш их баярласан. Барсаг дасгалжуулна гэдэг бол түүний өмнө том сорилт тулгарлаа гэсэн үг. Бид түүний мэдлэг, чадвар, туршлагыг мэднэ. Барсагийн системд тохирсон хүн учраас бид түүнийг сонгосон юм” гэжээ.

Харин Барсаг орхисон Луйс Энрикэгийн хувьд гурван жилийн хугацаанд Каталоны багт ажиллахдаа есөн цомыг хүртсэн билээ. Мөн шинэ дасгалжуулагч Валвердегийн хувьд Иохан Кройфийн удирдлага дор 1988-90 оны хооронд хоёр жил Барселонад тоглож байсан ба 2007 оны Европа лигт Эспаньюлийн хамтаар, Испанийн супер цомд Атлетикогийн хамтаар, Олимпиакосийг удирдан Грекийн лигт гурван удаа түрүүлж байсан амжилттай юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу