Зургаан улсын 10 гаруй компаниас шатахуунаа импортлож байна

Энэ жил Ашигт малтмал, газрын тосны газрын 76 жилийн ой болж байна. Энэ ойг угтаж тус байгууллага олон ажил зохион байгуулж байгаа юм.

Энэ ойн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн Монголын ашигт малтмалын түүхэн хөгжлийн талаар өдөр тутмын сонинд ярьжээ. Тэрээр Монгол Улс 2021 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэж тодотгон хэлж байна.

Монгол Улс анх 1910-аад оны үед тэмээн жингээр шатахуунаа тээвэрлэж, хэрэглэдэг байжээ. Тухайн үед Богд хаан, ноёд, түшмэдүүд, гадны пүүсүүдийн гэх цөөн тооны машин байсан байна. Харин Монгол Улсад шатахуун хангамжийн үйл ажиллагааг тухайн үеийн ЗХУ-ын “Союз нефт экспорт” гэх байгууллага 1923-1941 он хүртэл явуулж байсан байна. Ингэснээр Монгол Улс газрын тосыг экпортлох, боруулах боломж нээгдсэн түүхтэй аж.

Одоогийн байдлаар Монголд хайгуулын 21 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр компаниудын 20 тонн талбайд хайгуулын ажил явагдаж байгаа гэнэ. Харин 2012-2015 оны хооронд дэлхийн зах зээлд газрын тосэы үнэ эрс буурсантай холбогдуулж Монголд хөрөнгө оруулалт саарчээ. Хөрөнгө оруулалтын сааралт нь Монгол Улсын хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас үүссэн байна. Газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдад тодорхой байх тухай саналыг шинэлчисэн найруулгаар хуульчилсан нь хөрөнгө оруулалт сүүлийн жилд нэмэгдсэн байна. Монгол Улсын хувьд шатахуунаа ОХУ-ын “Орос нефть” компаниас нийт хэрэгцээнийхээ 80 орчим хувийг худалдан авч байгаа юм. 

Монголын газрын тосны салбарын гадаад харилцааны асуудлаар Л.Раднаасүрэн ярихдаа “2013 оноос хойш Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэх, ачих байгууламжаар дамжуулаад гуравдагч орнуудаас шатахуун худалдан авах, техникийн боломжийг бүрдүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газар БНХАУ-ын “CNPC” компанийн харьяа Хөх хотын боловсруулах үйлдвэрээс шатахуун нийлүүлэх гэрээг байгуулаад байгаа. Мөн худалдан авах үнэ нь манай экспортод гаргаж байгаа газрын тосны биржид борлогддог үнэтэй уялдуулсан. Одоогийн байдлаар тав, зургаан улсын арав гаруй компаниас шатахуунаа импортлож байгаа. Манай улс газрын тосны экспортлогч орон. Бид шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхэд тулгамдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр барих, газрын тосны бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангах нь чухал юм. Үүний дагуу Засгийн газраас тодорхой бодлогын шийдвэрүүд гарсан.” хэмээн тэмдэглэв.

Засгийн газраас “Монгол газрын тос” нэртэй төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан байна. Энэхүү төрийн өмчит компани нь газрын тос боловсруулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барьж байгуулах үйл ажиллагаа эхлээд байгаа аж. Манай улс газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас нэг тэрбум ам.долларын зээлээр барихаар гэрээ байгуулж баталжээ.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу