М.Болормаа: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь хамгийн чухал 

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл, эдийн засгийн эрх чөлөө бол тулгамддаг асуудлуудын нэг онцлог юм. Иймээс Монголд эмэгтэйчүүдэд тулгардаг олон асуудлыг шийдвэрлэхийн тулд "Эмэгтэйчүүдийн аж байдал ба хөдөлмөр эрхлэлт" бага хурал болсон. Энэ хуралд “Эмэгтэй удирдагч” сангийн удирдагч М.Болормаа “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй жендерийн хүчин зүйлс” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Түүнтэй энэ сэдвээр ярилцлаа.

 -Эмэгтэйчүүдийн асуудлыг онцолж хөндсөн бага хуралд Германы эмэгтэйчүүдийн аж амьдралын жишээг ярьж байна. Харин бусад оронтой харьцуулахад Монголын эмэгтэйчүүдийн аж байдал, хөдөлмөр эрхлэлт ямар түвшинд байна вэ?

-Монголын эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгааг бид онцолж ярих ёстой. Статистик мэдээллээс харахад манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүд 56 хувь байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн 56 хувь нь ямар хөдөлмөр эрхлээд байгааг нарийн авч үзэх шаардлагатай. Жишээ нь, 138 мянган төрийн албан хаагчийн хэдэн хувь нь эмэгтэйчүүд вэ. Үүнийг хувилаад аваад үзэхээр гүйцэтгэх ажлыг эмэгтэйчүүд илүү их хийж байгаа бол шийдвэр гаргах түвшинд ажилладаг эрэгтэйчүүдийн тоо өндөр гардаг. Нөгөө талаар жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, том аж ахуйн нэгжүүдэд ажилладаг, жижиглэнгийн бараа үйлчилгээний үйл ажиллагааг явуулдаг эмэгтэйчүүдийн эзэлж байгаа хувь нь хэд байна вэ, тэдэнд тулгарч байгаа асуудлууд юу байна вэ гэдгийг маш сайн нарийвчлан авч үзэж байж, аж байдалд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох ёстой гэж би үздэг. Ерөнхийд нь хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийн асуудлыг авч үзэхэд тийм ч хангалттай бус байгаа. Нэгд, ялгаварлан гадуурхалт их байна гэж үздэг. Энэ нь хүйс, насаар нь ялгаварлан гадуурхаж байгаа юм.

 -Чухам аль насныханд ялгаварлан гадуурхалт их байна вэ?

-Насаар нь авч үзэхэд ажил олгогч “Хөдөлмөрийн тухай хуулинд эмэгтэйчүүд 55 нас хүртэл ажиллана гэж заасан. 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох ёстой” гэдэг. Гэвч энэ хуулийн заалтыг авч үзвэл “Эмэгтэйчүүд хүсэх юм бол 55 насандаа тэтгэвэрт гарч болно” гэсэн байдаг. Гэтэл тухайн албан байгууллага эмэгтэйгээс та үргэлжлүүлэн ажиллах уу, эсвэл тэтгэвэртээ гарах уу гэж сонирхолыг нь асуухгүйгээр тэтгэвэрт нь шууд гаргах гэж шахах үйл ажиллагааг явуулдаг. Ер нь эмэгтэйчүүд 55 насандаа илүү их төлөвшсөн, ажлын бүтээмж өндөртэй, ажил, амьдралын туршлагатай болсон, баялаг бүтээх боломжтой нас гэж нийгэмд үздэг. Ийм насанд нь эмэгтэйчүүдийг тэтгэвэрт гаргаснара цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, ядуурлын түвшин рүү шилжих явц гараад байдаг. Эндээс харахад энэ хандлага нь нийгмийн дундаж бүлгийг дэмжих бодлогод чөдөр тушаа болж байгаа юм.

 - Эмэгтэйчүүд өөр юунд өртөж байна вэ?

-Дараагийн нэг ярих зүйл бол 23-35 насны эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх явцдаа жендерт суурилсан хүчирхийлэл буюу ажлын байрны бэлгийн дарамтанд өртөх явдал нэлээд гардаг болсон. Үүнийг бид “чимээгүй тахал” гэж нэрлэдэг. Энэ асуудлаар сүүлийн жилд бид нэлээд их хөндөж ярьж, Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулинд тодорхой заалтыг суулгаж өгснөөр Хүний эрхийн үндэсний комисст хохирогч болсон гомдлоо гаргах механизм нь бүрдсэн байгаа. Гэвч ийм хэрэг шийдэгдэх нөхцөл байдал нь хуулинд сайн тусаагүй учраас нотлох баримтуудыг шаарддаг. Бэлгийн дарамтыг үйлдэж байгаа этгээд нь эрх мэдэлтэй, албан тушаалтай байдаг учир тухайн эмэгтэйг хүсээгүй бэлгийн харилцаанд тулган шаардаж ордог гэсэн мэдээлэл бий. Энэ нь хоёр хүний хооронд явагддаг нууцлагдмал, тухайн хүмүүсийн гэр бүл, нэр хүндтэй холбоотой асуудал учир олон нийтэд дэлгээд байдаггүй юм.

 -Эмэгтэйчүүдийн цалин эрчүүдээс бага байдаг тухай Германы жишээгээр Берлин мужийн дарга Үте Күмф ярьсан. Тэгвэл Монголд эмэгтэйчүүд, эрчүүдийн цалингийн зөрүү ямар байна вэ?

-Герман, Монгол Улсын алинд нь ч эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү өндөр байна гэж бага хуралд оролцогч хүмүүс их ярьж байна. Манай  улсын хувьд цалингийн зөрүү 10-14 хувийн зөрүүтэй байгаа. Бид цалингийн энэ зөрүүг асуудал болгож, хэлэлцэж шийдэх ёстой юм. Мөн цалингийн зөрүүгээс гадна  өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүдийн тухай асуудлыг ярьж байна. Манай улсад 80 мянган өрх толгойлсон ээжүүд байна. Үүнээс нэлээд цөөн буюу 10 хувь нь өрх толгойлсон аавууд байгаа юм.

 -Эмэгтэйчүүдийн аж байдал ямар мэргэжил, насны хүмүүст хүнд тусдаг юм бэ?

-Цалин багатай, орлого багатай бүх гэр бүл, ялангуяа эмэгтэйчүүдэд энэ асуудал хүнд тусдаг. Жишээ нь, манай байгууллага Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө ажилладаг. Харин Монгол Улсын Засгийн газар Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-н конвенцийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллаж, саяхан үндэсний хөтөлбөрийг баталсан. Жендерийн эрх тэгш байдлыг хангахын тулд ажилладаг миний хувьд хамгийн гол зүйл нь эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдлээ сайжруулсан, эдийн засгийн хараат бус байх ёстой гэдгийг олж харсан. Ингэхэд эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байна гэдэг нь нөхрөөсөө эсвэл гэр бүлийн гишүүнээс хараат байснаар аливаа хүчирхийлэлд өртөж байна. Ийм шалтгаанаар эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдлээ гэр бүл, эсвэл өөртөө зориулах асуудал хязгаарлагдмал болдог учраас энэ нь шийдэх “асуудал” болж байгаа юм. Тиймээс Монголд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах, чадавхижуулах нь хамгийн чухал болж байна.

 -Энэ бага хурлаас зөвлөмж гарах уу?

-Энэ асуудлыг тал талаас нь ярилцаад Герман Улсаас суралцах ямар туршлагууд байна, манайд  ямар боломж байна, юуг засч сайжруулах вэ зэрэг чиглэлээр бага хуралд оролцогчид бүлэг болж ажилласан. Цаашид эндээс авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлсон стратегийг гаргаж ирнэ гэж үзэж байна. 

 Б.Баярмаа

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу