Германд өрх толгойлсон эцэг, эхчүүд амьжиргааны тэтгэлэг авдаг

Эмэгтэйчүүдэд юу тулгамдаж байна вэ? Тэдэнд эдийн засгийн эрх мэдэл бүхнээс илүү их үгүйлэгдсээр байна. Энэ асуудлыг Монголд шийдвэрлэхийн тулд "Эмэгтэйчүүдийн аж байдал ба хөдөлмөр эрхлэлт" сэдэвт бага хурал тавдугаар сарын 23-ны өдөр Blue sky-зочид буудлын гурван давхарт боллоо. Энэ хуралд Герман Улсын Бундестагийн гишүүн асан, Ажилчны сайн сайхны төлөөх холбооны дарга, Берлин мужийн дарга Үте Күмф Герман Улсын эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг хөндөж, ярьсан юм.

 Тэрээр ярихдаа “Өрх толгойлсон эцэг, эхүүдийн тухай яригдахад эмэгтэйчүүдийн асуудал онцолж ярих нь ойлгомжтой. Тэд тогтмол орлоготой байх, өрх гэрээ авч явах, үр хүүхдээ хүмүүжүүлэх ёстой. Германы төрийн зүгээс өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих олон тооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Хүүхдээ асруулах, өрх толгойлсон эхчүүдийг ажилтай болгох, боловсролын түвшингээр мэргэшүүлэх хөтөлбөр хэрэгждэг. Герман Улсад өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажилд авахаас цааргалдаг тохиолдол нэлээд бий. Яагаад гэвэл тэд хоёр, гурван хүүхэдтэй байхаас гадна хүүхэд нь өвдөхөд ажилдаа ирэхгүй тохиолдол их байдаг. Иймээс ажил олгогчдыг урамшуулах хэрэгтэй байгаа юм. Герман Улсын хуулинд нөхөр нь салсан эхнэр, хүүхдээ харж, хандах үүрэг нь тодорхой заасан байдаг.

Гэвч Герман нөхрүүд яаж ийгээд аргалж, үүргээ биелүүлэхгүй байхын тулд зугтамтгай байдал гаргадаг юм. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүдэд амьжиргааны дэмжлэг үзүүлэх тэтгэлэг олгодог тусгай газар ажилладаг. Нөхөр нь үр хүүхэд, эхнэртээ хоол хүнс, амьжиргааны мөнгийг өгөхгүй зугтаад байгаа тохиолдолд эхнэр нь амьжиргааны тэтгэлэг олгодог газраас амьжиргааны мөнгөө авдаг. Мөн Герман Улсад зээлийн эмээгийн ажил өргөн дэлгэрч байгаа. Энэ нь хүүхдээ харуулж, асруулах хүсэлтэй өрх толгойлсон эхчүүд зээлийн эмээг авч ажиллуулдаг. Харин манай байгууллага өрх толгойлсон эхчүүдэд зориулж бодитой маш их ажил хийдэг.” гэж тайлбарлав.

 Б.Баярмаа

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу