Л.Мөнхбаясгалан: Зам тээврийн яамнаас мөнгө аваагүй

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарахыг нь хориглоод байгаа. Тодруулбал, оффшор дансны асуудлыг эрэн  сурвалжлахаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан АНУ-ыг зорих гэж байсан ч өчигдөр түүнийг ЭЦГ-аас дуудаж, хил гарах эрхийг нь хаасан.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг оффшор дансны асуудлаар бус залилангийн хэргээр шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, "МИАТ ТӨХК нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Эм Эн Пи Ар” ХХК-тай Зөвлөх, Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 40 сая төгрөгийг “Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-тай Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 48 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна. МИАТ ТӨХК-ны эрх бүхий албан тушаалтнууд нь Эм Эн Пи Ар ХХК, Мэдээллийн менежмент эрхлэгч төв ТББ-ын албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчиж, гэрээгээр халхавчлан 88,4 сая төгрөгийн залилан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр МУ-ын Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн Л.Мөнхбаясгаланг сэжигтнээр тооцон шалгаж байгаа" гэсэн юм.

Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөөдөр 14.00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд дээрх асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Уг хэвлэлийн хурлын үеэр түүнээс залилангийн хэрэгтэй холбогдсон гэх асуудлыг нь тодруулсан юм.

-Таныг зам тээврийн яамнаас хоёр удаа таслаж их хэмжээний мөнгө авсан гэх асуудал яригдаж эхэллээ. Түүнтэй холбоотойгоор таны хилээр гарах эрхийг нь хаасан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Би зам тээврийн яамнаас мөнгө аваагүй. Энэ бол гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл байна. Хэрвээ ингэж миний талаар худал мэдээлэл гарсан бүх байгууллагыг шүүхэд өгч, шалгуулна.

-АНУ руу таныг нөхөртэйгөө хамт явах гэж байсан юм байна. Бизнес класс ангиллалын онгоцны билет нэг хүн нь 16 саяын үнэтэй байдаг. Нийлээд бараг 32 сая болж байна. Хэрвээ нууц биш бол энэ ямар зардлаар явж байгаа юм бэ?

-Би сард С1 телевизид хоёр нэвтрүүлэг хийж өгдөг. Ингэхдээ нэг нэвтрүүлгийг нь 15 сая төгрөгөөр өгдөг. Тийм болохоор надад онгоцны билет захиалах боломж бий. Нөхөр бид хоёроос гадна манай цензургүй багийн гурван хүн надтай хамт явна.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хэвлэлийн хурлын мэдээллийг бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ.

Их сурвалж: www.zaluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу