“Бөөрний архаг дутагдалтайгаа мэдэхгүй яваа хүмүүс их байна”

-Бөөрний өвчнөөр шаналж буй хүмүүсийн дийлэнх нь 26-44 насныхан-

Монгол, Солонгосын бөөрний эмч нар өнөөдөр харилцан туршлага солилцож семинар хийж байна. Энэ үеэр Улсын нэгдүгээр эмнэлгийн Бөөрний төвийн эмч Д.Чулуунцэцэг дээрх мэдээллийг өгсөн юм.

Бөөрний архаг дутагдалтай хэр нь мэдэхгүй, илэрч буй шинж тэмдэгийг нь тоохгүй явсаар хүндрүүлж байгаа нь тун харамсалтайг тэрээр хэлэв.

Тэрээр “Монгол Улсад бөөрний архаг өвчний тархалт, өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд улсын хэмжээнд энэ чиглэлээр хийсэн судалгаа байдаггүй болохыг онцолж байв.

Бөөрний өвчлөл халдварт бус өвчний эхний гуравт жагсаж буй бөгөөд Улсын нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 60-70 хувь нь энэ оношоор хэвтдэг байна.

Иргэдийн дийлэнх нь бөөрний үрэвслийн эхний эсвэл эцсийн шатандаа эмнэлэгт хандаж байгаа нь анхаарал хандуулах асуудал болоод байгаа аж.

Учир нь оношлогоо хийлгээд эмчилгээ хийлгэхгүй, хяналтад орохгүй байсаар эцсийн шатанд нь хүргээд эмнэлэгт ханддаг байна.

Мөн бөөрний өвчнөөр шаналж, диализ, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж буй хүмүүсийн дийлэнх нь 26-44 насныхан буюу ид хөдөлмөрлөх насны залуус байгааг ч Д.Чулуунцэцэг эмч онцолж байна.

Бөөрний архаг дутагдал нь аажим явцтай, бөөрөнд эргэшгүй бүтцийн өөрчлөлтүүд орж, үйл ажиллагааны дутагдал үүсэхийг хэлдэг. Эхний үед ямар нэг шинж илэрдэггүй бөгөөд нарийн шээсний шинжилгээнүүдээр бөөрний үйл ажиллагааны анхны өөрчлөлтүүдийг илрүүлж болдог байна. Гэвч иргэд эмчилгээ хийлгэж, хяналтад ордоггүйгээс болоод даамжирч, сэдэрсний дараа буюу эцсийн шатанд эмнэлэгт ханддаг байна.

Хэрэв танд

  • Ууц нуруугаар хөшиж өвдөх,
  • хөл, гар хүйт оргиж сэнгэнэх,
  • нүүр царай, ялангуяа өглөөгүүр зовхи хавантах,
  • ойр ойрхон шээс хүрч бага хэмжээтэй гарах,
  • нойр муудах,
  • чих шуугих,
  • амархан ядарч сульдах,
  • үе үе зүрх дэлсэх,
  • шилэн хүзүү хөших,
  • нүд бүрэлзэх,
  • артерийн даралт ихсэх зэрэг зовиур илэрч байвал нарийн мэргэжлийн эмчид заавал хандаарай.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу