Ботокс тариулаад зөвхөн нүд нь л хөдөлдөг болсон тохиолдол Монголд гарчээ

Ботокс тариаг гоо сайхны газрууд хийлгэх зөвшөөрөлгүй байдаг. Харин иргэд энэ талаарх мэдлэг дутмагийн улмаас салонуудаар үйлчлүүлсээр байгаа.

Орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн нэгэн эмэгтэй найзынхаа зөвлөснөөр гоо сайхны салонд үрчлээний эсрэг ботокс тариа хийлгэжээ. Тариаг зовхи болон уруулынхаа хэсэгт тариулжээ. Тариулснаас хойш 2-3 хоногийн турш нүүр нь битүү хавдартай болсон. Хавдар нь аажмаар буурсан ч гэсэн үрчлээ нь хэвээрээ байжээ. Уг ботокс тариаг үрчлээнээсээ сална гэсэн сэтгэл хөдлөлөөсөө болоод аль улсад үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг нь хараагүй аж. Тухайн эмэгтэй санхүүгийн болон сэтгэл санааны хохиролтой хэмээн зохих газар хандах гэсэн ч баримт нотолгоогүйн улмаас мухардалд оржээ. Ботокс тариаг хийлгэхийн өмнөх ба дараах зургаа авахуулаагүй бөгөөд хэрвээ ийм харьцуулсан зурагтай авахуулсан бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж гомдлоо барагдуулж болох байжээ.

Ботокс тарианы тухайд булчинг сулруулж тухайн тарьсан хэсэгт саажилт үүсгэдэг аж. Зарим хүнд огт үйлчилгээ үзүүлдэггүй бол зарим нэгэнд нь тун хэтэрснээс болоод нүүр орчимд ямар нэгэн хувирал хөдөлгөөн үзүүлж чадахгүй, зөвхөн нүд нь хөдөлж хохирсон баримтуудыг мэргэжлийн эмч нар ярьж байна.

Нэг удаа тариулах ботоксын тун хэмжээ 70-80 юнит байдаг. Гэтэл гоо сайханч нэгэн эмэгтэйд 250 юнит тунгаар нэг удаа тарьжээ. Ингээд эмэгтэйн нүүр нь огт хөдөлгөөнгүй болсон байна. Гоо сайханчид нүүрнийхээ үрчлээтсэн хэсгүүдийг заах тоолонд тариад л байсан гэнэ. Уг нь мэргэжлийн сургуулийг нь төгссөн эмч хүн тусгай цэгийн дагуу тарих ёстой ажлыг арьсны бүтцийг ч нарийн мэдэхгүй салоны гоо сайханчаар тариулсан юм чинь арга байж уу.

Харамсалтай нь тун нь хэтэрч, гаж нөлөө үзүүлсэн энэ тохиолдлыг анагаахын шинжлэх ухаан ч илааршуулж чадахгүй бөгөөд сайхь бүсгүй эдгээж өгөөч гэж бурхандаа залбирах л үлдэж.

Үрчлээний эсрэг ботокс тариаг энэ оны 2-р сарын 23-нд Монгол улсын эмийн зөвлөлөөр баталж, оруулж ирэхийг зөвшөөрсөн байдаг. Үүнд Солонгос улсад үйлдвэрлэсэн Неронокс, Ботулакс хэмээх хоёр ботокс тариа багтжээ. Зааварчилгаанд эмнэлгийн нөхцөлд, эмчийн зааврын дагуу хэрэглэнэ хэмээн онцгойлон анхааруулсан байдаг.

Үйлдвэрлэгч улсдаа ч өндөр эрсдэлтэйд тооцогддог энэхүү тариаг манай гоо сайхны салоныхон Солонгос яваад ирэхдээ цүнхэлж авчраад иргэдэд тарьснаар ийнхүү гадаад төрхөө сайхан болгохыг хүсэгчдийн гадаад үзэмжээр тоглох эрсдэл дагуулаад байна. 

Иймд бүсгүй та үрчлээтэйгээ тэмцэхээр ботокс тариулахаар шийдсэн бол гоо сайхны салонд бус мэргэжлийн эмнэлэгт хандахыг зөвлөе!

У.Маргад
Эх сурвалж: Leaders.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу