Шармэн Стөүн: Монголд олон эмэгтэйчүүд улс төрд нэр дэвшиж байгаа ч сонгогдож чаддаггүй нь “асуудал” юм шиг ойлгогдсон

Монголд айлчилж байгаа Австрали Улсын  Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан элчин сайд Шармэн Стөүнтэй ярилцлаа.  

-Аль ч улсын эмэгтэйчүүд, охидын тухай маш олон чиглэлийн асуудал яригддаг. Жишээ нь, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжснээс хойш эмэгтэйчүүд маш их ачааллыг үүрдэг болсон. Та монгол эмэгтэйчүүдийн бодит амьдралыг үзвэл янз бүрийн түвшин харагдана. Харин Австралийн эмэгтэйчүүд амьдрлынхаа ачааг ямар түвшинд үүрдэг вэ?

-Австрали Улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан үүрэг хүлээдэг гэж бид ойлгодог. Хүмүүс хоорондоо гэрлэж, эхнэр, нөхрүүд хоёулаа ажил хийж, санхүүгийн хувьд орлоготой байдаг. Эсвэл тэд хуулийн хүрээнд гэрлээгүй байсан ч “хамтран амьдрагч” гэж үзэж, хоёулаа адилхан ажил хийж, орлоготой байдаг юм. Манай улсын  иргэд гэрлэсэн ч, гэрлээгүй ч техник мэргэжлийн болон хар ажил, оффисын ажил, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээс өндөр түвшинд удирдах албан тушаалд ажилладаг эрэгтэйчүүд ямар ч үед өндөр цалин хөлс авдаг. Австрали Улсын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэй ижил түвшинд ажилладаг хэрнээ 16 хувь орчим өндөр цалин авдаг. Энэ ялгааг бид их асуудалд тооцож байгаа.

-Ер нь та Монголын эмэгтэйчүүд, охидын асуудлаар хамгийн анх ямар мэдээллийг авч, ямар ойлголттой Монголд ирсэн бэ?

-Монголын хувьд миний анзаарсан асуудал гэвэл нэгд, өмнөх он жилүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд нь улс төрд идэвхитэй оролцдог болсон нь нэг талаараа сайшаалтай. Гэхдээ олон эмэгтэйчүүд улс төрд нэр дэвшиж байгаа ч сонгогдож чаддаггүй нь“асуудал” юм шиг ойлгогдсон. Тийм учраас удирдах түвшинд байгаа эмэгтэйчүүдийн оролцоог Монгол Улс цаашид өндөр түвшинд хүргэх хэрэгтэй юм байна гэж харж байна. Хоёрт, эмэгтэйчүүд, охидын хүчирхийллийн асуудал байна. Энэ бол бүх хүмүүсийн анхаарлыг татсан шийдвэрлэх ёстой асуудал юм. Гуравт, Монголын ялангуяа алслагдсан, орон нутагт байгаа зөвхөн эмэгтэйчүүд, охид гэхгүй бүх ард иргэд эрүүл мэндийн чиглэлийн ямар нэгэн үйлчилгээг тэгш хүртэж чадахгүй байдгийг ойлгож мэдсэн. Жишээ нь, Улаанбаатар хотод амьдарвал аливаа үйлчилгээ, тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээг харьцангуй тэгш хүртэж байна. Гэтэл Монголын алслагдсан газар нутгийн иргэд хамгийн наад захын хэрэгцээ болдог эрүүл мэндийн үйлчилгээг хүртэж чадахгүй байгааг шийдвэрлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Та дэлхийн хэчнээн оронд очиж охид, эмэгтэйчүүдийн асуудалтай танилцаж байсан бэ?

-Энэ жилийн хувьд эхлээд Америк Улсад, дараа нь Непал, Папу Шинэ Гвиней, Тайланд Улсад очиж, энэ асуудлаар уулзсан. Мөн Белги Улсад болсон НҮБ-аас зохион байгуулсан эмэгтэйчүүд, охидын асуудал хөндсөн хуралд оролцсон. Харин зургаа дахь улс нь Монголд ирж, Монголын эмэгэтэйчүүд, охидын асуудлаар уулзалт хийж, санал солилцож байна. Ер нь би байнга ийш тийш явж ажиллаж, бас аялдаг.

-Тайланд, монгол хүмүүс ази ард түмэн. Тиймээс Тайланд Улсын эмэгтэйчүүд, охидын асуудал Монголтой харьцуулахад ямар ялгаатай харагдсан бэ?

-Тайланд Улсын хувьд Монгол Улстай харьцуулшгүй. Монголд байдаггүй олон асуудал Тайланд Улсад байдаг. Жишээ нь, Тайланд Улсад ядуурлын түвшин маш өндөр. Мөн эмэгтэйчүүд нь боловсрол эзэмших боломж, нөхцөл нь Монголтой харьцуулахад харьцангуй бага. Дахиад нэмж хэлэхэд, Тайландын бүх эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөг, хүний наймаааны золиос болдог гэж хэлэхгүй ч гэсэн хүнд, ядуу нөхцөлд амьдардаг эмэгтэйчүүд, охидын хувьд секс худалдааны мөлжлөгт өртөх эрсдэл нь өндөр байдаг. Мөн Тайланд Улс Мьянмар Улстай хил зэргэлдээ оршдог учир янз бүрийн орон нутгийн асуудал байдаг. Энэ асуудлаас болж Мьянмарийн ядууралд өртсөн эмэгтэйчүүд Тайланд Улсын хил дээр ирж, нутаг руугаа буцаж болдоггүй, Тайланд Улсын иргэн болж чадахгүй байна. Ийм байдалтай хил дээр байгаа Тайландын хүмүүс өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадахгүй байна. Мөн янз бүрийн  гэмт хэрэг, бэлгийн  мөлжлөгт өртөж болох магадлалтай эмэгтэйчүүд олон байдаг.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу