Нас барсан эрэгтэйн хэргийг цагдаагийн байгууллагаас амиа хорлолт гэж үзлээ

Жил бүрийн есдүгээр сард Улаанбаатар хотод хөл хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор гэмт хэргийн зөрчил, осол аваар нэмэгддэг. Тиймээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх ажил эрхэлсэн дэд дарга Ж.Эрдэнэболд"Сүүлийн үед нийслэл хотод хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаатай холбоотойгоор хулгайн хэрэгтэй тэмцэх чиглэлээр зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Харьяа цагдаагийн хэлтсүүд оновчтой арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар  хэлтсээс нийслэл хотод удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гурван бүлэглэлийг илрүүлэн шалгаж байна. Эдгээр бүлэглэл 30 гаруй орон байрны хулгай хийснийг илрүүлээд байгаа ба хэргийг шалгаж байх хугацаанд орон байрнаас алдагдсан зурагт, компютер зэрэг электрон барааг ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газарт бага үнээр өгсөн нь тогтоогдсон. Улмаар хулгайд алдагдсан эд зүйлсийг цагдаагийн алба хаагчид эздэд нь хүлээлгэн өгсөн. Үүнээс харахад барьцаалан зээлдүүлэх газар хулгайн эд зүйлсийг зарж борлуулдаг сүлжээ болсныг харуулж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ сүлжээг устгах талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэлээ. Түүнчлэн халаасны хулгайч нар гар утас зардаг газруудаас олон тооны гар утас хулгайлж улмаар фэйсбүүкээр хуурамч хаяг нээж иргэдэд худалдан борлуулсан тохиолдол гарчээ. Тиймээс ард иргэдийг албан ёсны бус хулгайн эд зүйл борлуулж байж болзошгүй хаягнаас эд зүйлс худалдаж авахгүй байхыг анхаарууллаа.

Мөн тэрээр, энэ долоо хоногийн лхагва гариг буюу 8-р сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хорооллын 10-р байрны гадна 37 настай эрэгтэй Л нас барсан хэргийг амиа хорлолт хэмээн мэдэгдлээ. Хэргийн шалгалтын явцад, Баянзүрх дүүрэгт оршин суух Л нь амиа хорлох зорилгоор өөрийгөө гүрээ болон гарын шуун тус газраа хутгалсан нь тогтоогдсон бөгөөд уг дүрс нь цагдаагийн хяналтын камераар баталгаажсан гэв. Түүнчлэн талийгаач Л нь өөрийгөө зүссэнийхээ дараа шокын байдалд орсон тул олон метр газарт цус алдан явсан ба баттай нотлох баримтаар хүн амины хэрэг биш гэдэг нь тогтоогдсон гэлээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу