Австрали, Монголын талууд эмэгтэйчүүд, охидын асуудлыг хөндөж ярилцлаа

Австрали Улсын  эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан элчин сайд Шармэн Стөүн  тавдугаар сарын 2-ны өдөр Гадаад харилцааны яаманд эмэгтэйчүүд, охидын асуудлаар  “Манлайлалд  эмэгтэйчүүдийн үүрэг” дугуй ширээний уулзалт хийлээ. Дугуй ширээний уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нээж үг хэлсэн юм. Уулзалтанд Монгол Улсад суугаа Австралийн Элчийн сайд, ноён Жон Лангтри  улсын болон хувийн хэвшил дэх удирдах албан тушаалд эмэгтэйчүүд ажиллах боломжийг бүрдүүлж, дэмжихэд чиглэсэн Австрали Улсын туршлагаас ярьж, монгол эмэгтэйчүүдтэй хуваалцлаа.

 Дараа нь УИХ-ын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын  Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн Ц.Цогзолмаа “Удирдан манлайлахад эмэгтэйчүүдийн оролцоог хангаж дэмжихэд их хурлын гүйцэтгэх үүрэг”, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “ Жендерийн тэгш байдал, хөгжлийн бодлого төсөвлөлт”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг ”Жендерийн тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн Монгол Улсын туршлага ба бодлого” сэдвээр илтгэл тавьж, уригдаж ирсэн  эмэгтэйчүүдтэй чөлөөт байдлаар яриа өрнүүлэв.

Австрали Улсын зочин Элчин сайд Шерман Стоун  тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлахдаа өнөөдрийн байдлаар бизнес, гэр бүлийн эсрэг тэмцэж байгаа ТББ-уудын эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодол солилцож байна.  Мөн  эмэгтэйчүүдийн хорих газрын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.

Доктор Шарман Стоун энэ үеэр хэлэхдээ “Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлаар ярихдаа дэлхий даяар 21-р зуунд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд аль аль нь тэгш эрхтэй байх ёстой гэж мэдэгдэж байгаа. Австралийн хувьд энэ чиглэлээр судалгаа явуулж, нарийвчилсан мэдээлэл гаргадаг. Жишээ нь, Австралийн компани, хувийн хэвшлийн газруудын ажлын байран дахь жендерийн тэгш байдал ямар байна вэ, мөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн ялгааг харьцуулдаг, мөн эмэгтэйчүүдийн цалинг нэмэгдүүлэх гэх мэт мэдээллийг тайландаа оруулдаг. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд байна. Бид тэдэнд зориулсан сургалтууд зохион байгуулдаг” гэсэн юм. Тэрээр Австралийн парламентад 20 жил ажиллахдаа Австрали, Монголын парламентын бүлгийн даргын албыг хаших зэргээр хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

 

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу