Худалдагдсан эдийн засагчид

-Хэний ч хараат бус, гал цогтой эдийн засагчдаар Монгол Улс дутаж байна-

Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал асар хүнд байна гэж эрх баригчид хатуу анхааруулах болов. Эдийн засаг хямралын байдалд орсон тухай өдөр тутам уншиж, сонсож, тэр хэрээр иргэд ч сэтгэлээрээ хямрах болов.

Эдийн засаг хямарсны шинж тэмдэг юү байх вэ. Энэ асуултын хариуг уг нь эдийн засагчид хариулах ёстой. Эгэл иргэдийн хувьд бол тэр хямрал гарт баригдаж, нүдэнд харагдахгүйгээс төөрч будилахад хүрч байна. Хэдийгээр зарим барааны үнэ ханш өсч, дэлгүүрийн лангуунууд түрээсээ төлөөгүйгээс хаагдаж байгаа ч шинэхэн супермаркетууд үүдээ нээж, emart–ийн касс ачааллаа дийлэхгүй гацаж, Номингийн хямдралтай барааг булаацалдан авсаар байна, хүмүүс. Зах, дэлгүүрээс гадна задгай талбайн худалдаа цэцэглэж, иргэд гэрийнхээ гаднаас л хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ авч байна. Гадагш гарахаас төвөгшөөсөн заримд зориулж, гараас гарт, гэрээс гэрт уриатай интернэт худалдааг хөгжүүлээд эхэлчихэж, цаана чинь. Ингээд бодохоор эдийн засаг үнэхээр хямарсан уу. Мэдээж, өрх гэрийн хэмжээний худалдаа үйлчилгээгээр улс, орны эдийн засаг, санхүүг дүгнэх нь дэндүү өнгөц дүгнэлт болох биз. Гэвч өрх гэр улс орны тусгал байх нь тодорхой. Эрх баригчдын сүржин мэдэгдэл, өмнөх засгийнхны үгүйсгэл дунд толгой нь эргэсэн зон олондоо тус болох хүмүүс уг нь эдийн засагчид. Бодит байдлыг үнэн зөвөөр нь тодорхойлох үүргээ эдийн засагчид биелүүлж чадаж байгаа юу.

Хязгаарлагдмал нөөц баялгийг нийгмийн бүлэг, нэгжүүдийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс хэрхэн, яаж үр дүнтэй ашиглаx, зарцуулах талаар сонголт хийж, шийдэл гаргах үүрэгтэй эдийн засагчид маань юү хийж байна вэ. Толгойтой бүхэн шахам эдийн засаг, санхүүгийн мэргэжил эзэмшээд байгаа хэр нь улсын маань эдийн засаг уруудан доройтоод байгаа урвуу хамаарлыг хэрхэн ойлгох вэ. Төрийн эрхийг эдийн засагчид биш намууд барьж байгаа гэж ам таглах гэж байна уу. Гэвч нам болгонд эдийн засагчид бий. Төр засгийн тэргүүн дээд албан тушаалтнууд дотор ч эдийн засагчид цөөнгүй. Тэд үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаад л хэргийн учир байгаа юм. Эдийн засагчид улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг мэргэжлийн хүний нүдээр бус нам хүчний өнгө аясаар дүгнэдэг болсоор уджээ. Дээхэндээ бол Засгийн газрын тэргүүнээр шилдэг эдийн засагчдаа томилж, улс орныхоо санхүүг эмчилдэг байсан уламжлал хэдийнээ мартагдсан дууль болж, нам, хүчин, фракци, бүлгийн үзэмжээр томилдог болсон. Гүйцэтгэх засаглалын тэргүүн эдийн засагч байх албагүй ч сайн эдийн засагчидтай түншилж, ард олноо өлсгөж, дааруулахгүй, цаашилбал элбэг хангалуун, сэтгэл төвшин авч явах үүрэгтэй.

Ингэхэд өнөөдөр Монголд сайн эдийн засагч байна уу гэж уншигч танаас асууя. Энэ цагийн өнгийг эрх мэдэлтнүүдийг нөлөөнд автахгүйгээр үнэлж цэгнэдэг, гаргасан дүгнэлт нь бодит байдалтай яв цав нийцдэг үнэ хүндтэй эдийн засагч хэр олон байна вэ. Ер нь бол эдийн засгаар дуугардаг нь хуруу дарам цөөн. Дуугараад яриад байдаг цөөн хэдээ бүртгээд үзээрэй. Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, М.Энхсайхан, Б.Лхагважав, Ч.Хашчлууун, Н.Дашзэвэг, А.Бакей, Д.Жаргалсайхан, Д.Батжаргал, Д.Энхбаяр, Ө.Ганзориг гэх эрчүүд дээр нь Л.Оюун, Б.Алтанцэцэг, Б.Лакшми нарын бүсгүйчүүд нэмэгдээд олны өмнө гарч, эдийн засгийн чиглэлээр цэц булаалддаг эрхмүүд өндөрлөнө. Нэр дурдсан хүмүүс дунд их сургуулийн доктор, профессорууд хэд хэд байгааг уншигч та анзаарч буй биз ээ. Энэ бол сайн хэрэг. Харин эдэн дунд нам хүчинд харъяалдаггүй, бие даасан шинжээчид хэд байна вэ. Бараг л байхгүй. Тоолоод үзвэл нэг хоёроос хэтрэхгүй. Намд харъяалдаг байлаа ч хэнээс ч үл ширвээтэн эдийн засгийг байгаагаар нь дүгнэчихдэг ганц нэгэн галтай эдийн засагч байсныг бурхан булаагаад авчихсан. Тэднээс хойш Монгол Улс хэний ч хараат бус, гал цогтой эдийн засагчдаар дутаж байна.

“Сайн” гэх үнэлгээ авсан эдийн засагчдын олонх нь нам фракцийн халаасанд багтаж, биеэ үнэлээд эхэлснийг энд дурдах нь илүүц биз. Үгүйдээ л амыг нь таглах гэж эдийн засагчдыг томоохон компаниудын хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн болгох замаар урхидаж орхидгийг олон түмэн андахгүй. Тэд хэний талд үйлчилж байгаагаас эдийн засгийн тайлбар шалтгаална. Бодит байдлыг чин үнэнээр өгүүлдэг эдийн засагч өнөөдөр алга. Эрх баригчдын гар хөл болсон эдийн засагчдын үгийг дамжуулснаараа хэвлэлийнхэн давхар худалч нэр зүүхэд хүрсэн нь нууц биш.

Эрх мэдэл хэний гарт байна түүний захиалгаар мэдээлэл түгээдэг зуршил төрийн байгууллагынханд нэвт шингэснийг төв банк болоод Үндэсний статистикийн газрын эдийн засагчид бэлхнээ харуулдаг. Тэд эдийн засаг, санхүүг бодит байдлаар мэдээлж, үнэлж дүгнэх бус ажил олгогчдоо /УИХ, Засгийн газар/ үйлчлэхийг илүүд үздэг. Биеэ үнэлж, худалдагдсан эдийн засагчид алдаагаа засч, Монголын эдийн засгийн үнэн төрхийг илчлээсэй.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу