Утасны дугаараа “өмчлөхөд” бэлэн үү?

Тавдугаар сарын 23-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээг энэ онд багтаж нэвтрүүлэхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд /ХХЗХ/ үүрэгдсэн. Улмаар Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг байгуулахаар дүрмээ баталсан билээ. Тэгвэл дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээний бэлтгэл хэр хангагдаж байгаа, суурь нөхцөл хэр бүрэлдсэн талаарх мэдээллийг хүргэе.

Дэлхийн 78 оронд ашигладаг энэ үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхэд эрхзүйн орчин аль хэдийн бүрдсэн хэмээн албаныхан тайлбарлалаа. Монгол Улс 2014 оны долоо дугаар сарын нэгэнд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулсан билээ. Тухайлбал, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.13-т “дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн дугаартайгаа шилжих үйлчилгээний бодлогын баримт бичгийг ч баталсан. Энэ цагаас иргэд дугаартайгаа өөр операторт шилжих боломж эрхзүйн хүрээнд нээгдсэн юм.

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ гэдэг нь тухайн хэрэглэгч өөрийн хэрэглэдэг оператороо солих тохиолдолд одоогийн дугаараа үргэлжлүүлэн ашиглах боломж олгох юм. Жишээ нь, Бат 88665544 дугаар хэрэглэдэг бол өөр оператор сонгосон тохиолдолд энэ дугаартайгаа шилжиж болох юм.

Одоо дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх техник, технологийн бэлтгэл хийж байгаа. Үйлчилгээг нэвтрүүлэхэд дундын операторыг сонгох учиртай юм байна. Энэ хүрээнд 2015 оны есдүгээр сарын 15-нд үүрэн телефоны операторуудаас дундын оператор шалгаруулахаар сонгон шалгаруулалтыг эхлүүлжээ. Гэвч шалгарсан компани хэрэгжүүлэхээс татгалзсан байна. Иймээс дундын операторын үүргийг ХХЗХ өөрөө гүйцэтгэж, үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон хэмээн Зохицуулалтын албаны дарга Л.Гантулга мэдээллээ.

Дугаартайгаа шилжих үйлчилгээ нь иргэдийн эрх ашгийг хамгаалсан, цаг хугацаа, мөнгө хэмнэсэн хэмээн тодорхойлж байгаа юм. Жишээ нь:

Иргэн Батад одоо хэрэглэж буй оператор нь хэт өндөр төлбөртэй мэт санагдав. Ингээд өөр оператор руу шилжихийн тулд дугаараа ч солих шаардлага гарав. Ингэж утасны дугаараа сольсон тохиолдолд Батад учрах хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол хэд болох вэ? гэх асуулгыг ХХЗХ-ны судалгаанд оролцсон 600 хэрэглэгчдэд тавьжээ.

ХХЗХ-ноос нийслэлийн 500, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн 100 хэрэглэгчийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчид хэрэглэдэг оператортоо сэтгэл ханамжтай байдаг талаар ийнхүү хариулсан байна.

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлбэл хэдэн хувь нь өөр операторыг сонгох вэ?

/Графикийг ХХЗХ-ны “Дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаарх судалгаа” эмхэтгэлээс ашиглав/
/Графикийг ХХЗХ-ны “Дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаарх судалгаа” эмхэтгэлээс ашиглав/

Тэгвэл энэ үйлчилгээг дэлхийн 78 улс нэвтрүүлэн өдгөө ч хэрэглэдэг юм байна. Ер нь энэ үйлчилгээг олон улсад 1990 оноос нэвтрүүлжээ. Хонконгийн хувьд л гэхэд 1997 онд дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлж 1999 оноос албан ёсоор эхэлжээ. Англи улсад мөн 1999 онд, 2002 онд Европын холбооны бүх орон, 2004 онд БНСУ хэрэгжүүлж эхэлсэн байна.

Монгол Улсын хувьд энэ үйлчилгээг 2014 он гэхэд нэвтрүүлнэ хэмээн тооцоолж байсан ч хоёр жилээр удаашрав. Ямартай ч ХХЗХ-ны зүгээс энэ ондоо багтаж үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн мэдээлж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу