Монголын охидын Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авлаа

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ-нд оролцож буй Монгол улсын охидын шигшээ баг өнөөдөр Гуамын багтай тэнцсэнээр, манай шигшээ Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авлаа.

Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ багийн хоёрдугаар ахлагч Г.Цолмон 15 орчим метрийн зайнаас баруун хөлийн хүчтэй цохилт гүйцэтгэсэн нь хаалганы зүүн доод буланд гоол болон орлоо. Түүнд гоолын дамжуулалтыг 11 дугаартай Э.Энхмаргад өгч Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэн дэх анх албан ёсны гоол ороход тусаллаа. Хэдийгээр эсрэг баг нэгдүгээр үед тооны харьцааг тэнцүүлсэн ч шийдвэрлэх үед хэн хэн нь гоол оруулж чадалгүй 1-1 харьцаатайгаар тэнцэв. Энэхүү тэнцээний нэг оноо нь Монголын охидын шигшээ багийн Ази тивээс авч буй анхны албан ёсны оноо юм. Тийнхүү Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжгээр удирдуулсан охидын шигшээ баг өнөөдөр Монголын эмэгтэйчүүдйн шигшээ багийн төдийгүй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх гоолыг оруулан, оноог авлаа. Манай охидын шигшээ баг хоёр хоногийн дараа Хойд Марианы Арлуудтай энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийх тул эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхийг бүтээж яваа охидын шигшээ багийн нийт бүрэлдэхүүнд амжилт хүсье.

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу