Монголчууд ганц нүүдлийн биш хот сууринг үндэслэгчид болохыг гэрчилсэн үзмэрүүд

Монголын Үндэсний түүхийн музейд “Эртний хот суурины соёл” тусгай үзэсгэлэн энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийлээ. Сүүлийн 20 орчим жилд  Монгол Улсын нутагт археологийн малтлага судалгаа эрс эрчимжсэн байна. Монголчуудын төдийгүй Төв азийн бусад нүүдэлчдийн түүх шинэ олдвороор урь өмнө нь үзэгдээгүй хурдан хугацаанд баяжиж байна.Үүний нэг тод баримт бол өнөөдөр нээж буй үзэсгэлэнгийн үзмэр нотлож байгаа юм.

Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн эрдэмтэн, “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн удирдагч, доктор профессор А.Очир ”Эртний монголчууд нүүдлийн соёл иргэншил болон хот суурин гэсэн ахуй амьдралтай байжээ. Одоогоос 2000 жилийн өмнөх Хүннү үеийн 20 гаруй балгас Монгол нутгаас олдсон. Тухайлбал, таамаглаж байгаагаар 1000 гаруй жилийн өмнөх үеийн тэмээний шилэн ясаар хийсэн шүдний сойз гэхэд хамгийн содон хэрэглэгдэхүүн байна. Мөн олдворууд дотор тэр үеийн ноёдын эд хэрэглэгдэхүүн байгаа юм. Ер нь Орос-Монголын хамтарсан төслийн баг нүүдлийн соёл иргэншлийн малтлага судалгааг хийж, Дорнод, Хэнтий, Архангай аймгийн нутгуудад байдаг томоохон голыг дагаж эртний хот суурин байсныг тогтоосон.” гэж хэлсэн юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БСШУС-ын сайдын зөвлөх Ж.Цолмон хэлэхдээ “Монгол-Оросын хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн хүрээнд Хүннүгээс Хятаны үед холбогдох  археологийн судалгааг амжилттай хийж, үнэ цэнэтэй олдворуудыг нээн илрүүлсэн нь түүхэн үйл явдал юм. Монголчууд эрт үеэс хот сууринг байгуулах үндсийг тавьсан нь эдгээр олдворуудаас харагдаж байна. Нүүдлийн соёл иргэншил бол дэлхийн соёл иргэншилд маш том хувь нэмэр оруулж байгааг энэ судалгааны ажил улам их батлаж байна” гэж онцоллоо.

Монгол-Оросын хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн хүрээнд Хүннүгээс Хятаны үед холбогдох  археологийн судалгааг 15 жилийн өмнөөс хийжээ. Энэ судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон олдворуудаас дээжлэн 200 орчим үзмэрийг Үндэсний түүхийн музейд сонирхуулж байна.

Орос-Монголын хамтарсан судалгааны ажлын үр дүнг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов  үнэлж хэлэхдээ “ Нүүдлийн соёл иргэншил, ахуйн судалгаагаар мэргэшсэн Монгол-Оросын судлаач, эрдэмтдэд энэ өдрийн мэнд хүргэе. Ер нь нүүдлийн ахуй соёлыг судлах үйл явц бол Оросын эрдэмтэн судлаачаас эхэлсэн байдаг. Эдүгээ хоёр орны хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн амжилт бол энэ үзэсгэлэнд тавигдсан олдворууд юм. Та бүхэн үзэсгэлэнгийн үзмэрүүдтэй сайн танилцах хэрэгтэй” гэв.

Үзэсгэлэнд Төв аймгийн Мөнгөн морьтийн нутаг орчмоос Тэрэлжийн дөрвөлжин хотын судалгаа хийж, олдсон олдворууд, Туул голын хөндий, Төв аймгийн Заамар сумын нутгаас олдсон Хэрмэн дэнс балгасын судалгааны олдвор болох Заамарын бунхант  булшнаас илэрсэн шавар, модон хүүхэлдэй, туг, хятад бичээстэй хөшөө, мөн нийтийн тооллын 677 оны орчим холбогдох Пүгү аймгийн язгууртны бунхант оршуулгаас илэрсэн ховор олдворуудыг дэлгэжээ. Түүнчлэн содон олдвор болох Хятаны үед холбогдох  шүдний ясан сойз, шаазан хүний баримал, ваар сав, хоол хүнсэндээ хэрэглэж байсан загасны яс, хясаа, хэрэглэж байсан үр тариа, хятад дээл өмссөн  модоор хийсэн хүмүүсийн дүрс зэргийг дурдаж болно.

Эдгээр олдвор нь Монгол нутагт оршин тогтнож байсан эртний аймаг улсууд ганц нүүдлийн соёл иргэншилтэй бус харин ч хот суурин байгуулж, суурин амьдрал цэцэглэж байсныг нээж, харуулсан баримт болсон гэж судлаач, археологчид дүгнэлээ.

Харин ОХУ-ын профессор, доктор, уг төслийн багийн археологич Н.Н.Крадин “Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Монгол бол гайхамшигтай орон. Дэлхийн археологчдын анхаарлыг татсаар ирсэн. Энэ үзэсгэлэнгээс эртний монголчуудын хот, суурины тухай болон нүүдлийн талаар үзэж, мэдэх хэрэгтэй. Ер нь хот бол соёл иргэншлийн нэг юм. Оросын судлаач, археологчид эрдэмтдийн монголчуудтай хамтарсан судалгаа цаашид үргэлжлэх болно.” гэж тэмдэглэв.

Нээлтийн дараа БСШУС-ын сайдын зөвлөх Ж.Цолмон ОХУ-ын эрдэмтэн, судлаач Н.Н.Крадинд ШУ-ын тэргүүний ажилтан цол, Ивлиев Александарт ШУ-ны хүндэт жуух бичиг, Сергей Александорвич Васудтин нарыг ШУ-ны хүндэт тэмдэгээр шагналаа. Үзэсгэлэнд тавьсан олдвор, үзмэрүүд үнэхээр гайхамшигтай, сонирхол татаж байлаа. 2000 гаруй жилийн өмнөх үеийн олдворууд газар доорхи бунханд, мөн бунхны хажуугийн хөмөгөөс олдохдоо эвдэрч сүйдсэн зүйл бараг харагдахгүй байлаа. Эдгээр олдворуудад бага зэргийн засвар хийсэн юм байна.

 Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу