“Хуудуудтай” бөө нарыг та бид зөв таних нь чухал байна

Хар дархадын  Хуулар овгийн зайран Тунгалагийн Ангар гэх залуу хоёр сар гаруйн өмнө www.bolod.mn сайтад хуурамч, жинхэнэ бөөгийн ялгааг онцолж ярилцлага өгч байсан. Тэрээр Монголын одоо цагийн бөө нарын талаар байр сууриа илэрхийлэхдээ шүүмжилттэй хандаж байгаа юм.

Т.Ангар “Элдэв тийрэн, сүнс буулгаад олон жил болсон хүмүүсийг үүнээс салгадаг бөөгийн тусгай зан үйлийг сайн мэддэг, чадварлаг бөө нар бий. Тэдний нэрийг энд хэлээд яах вэ. Тэр хүмүүст хандаарай, мөн намайг голохгүй бол надад хандсан ч болно. Ингэснээр бусдын итгэлгэ, ятгаланд орж, сэтгэлийн хөөрлөөр бөө болсон бол үүнээсээ салах боломжтой. Жинэхэнэ бөө гэж байдаг уу гэвэл байгаа, харамсалтай нь бөөг амьдрах арга, мөнгө олох хэрэгсэл болгосон, бусдыг “сүлжээгээр дамжуулан” бөө гэж итгүүлсэн хүмүүс бөө мөргөлийн зан үйлийн нэр хүндийг шавартай хутгаад байгаа юм.

Манжийн дарлалд 300 гаруй жил дарлагдаад одоо сэргэх гэж  хичээж байгаа Монголчуудын уламжлалт шүтлэг бөө мөргөлийг  буруу ташаагаар сурталчилж, бүдүүлэг байдлаар олон нийтэд таниулж байгаа “хуудуудтай”  бөө нарыг та бид зөв таних нь чухал байна. Цаг хугацаа  үнэн худлыг дэнсэлдэг. Хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч вээ гэдгийг яваандаа цаг хугацаа шигшээд харуулаад өгнө, харуулчиж байгаа. Гэхдээ заавал цаг хугацааг хүлээн өөрийгөөө “хэн ч биш” гэдгийг бусдад мэдүүлэхийн оронд үүнийгээ эртнээс ойлгоод, буруу ташаа яваагаа ухаараад, үүнээс хөндийрүүлж чаддаг бөө нар дээр очоод, нийгмийн амьдралд идэвхтэй хөл тавих нь ийм хүмүүсийн хувьд чухал болоод байна. 

 Мөн Халх бөө гэдгээрээ  их ястан, их бөө, дархад гэхлээр бага ястан, бага бөө гэж байдаггүй. Энэ бол зүгээр л хуучны овог аймгийн нэршил, бид бүгдээрээ л монголчууд, монгол улсын газар нутагт адилхан амьдарч байгаа монголчууд. Тийм атал нэгнээ их бага ястан хэмээн ялгаварлах нь утгагүй хэрэг. Ийм жалга довны үзлээс бид ангид байж, нэгдэн нягтарч улс орноо хөгжүүлэх ёстой.  Миний энд ярьж байгаа зүйл бол бөө хирнээ бөөгийн зан үйлдээ итгэж чадахгүй байгаа, сэтгэл зүрх нь тогтворгүй байгаа дээр дурьдсан хүмүүст хамааралтай болохоос бөөгийн зан үйлээ зөв гүйцэлдүүлж байгаа, чаддаг мэддэг хүмүүст зориулсан яриа биш гэдгийг зориуд хэлье. Би энд  ямар нэг хааныг, хатны онгодыг дуудна, ирээд уулз гэж уриалан дуудаагүй, зөв зүйтэй зам руугаа бөө мөргөл маань ороосой гэсэндээ  бөө нартаа хандаж ярьсан гэдгийг зориуд хэлэх байна.” гэж ярьсан байна.

Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу