ЖАСТ-ын Ш.Батхүү 51 сая доллар төлөх шийдвэрийг Лондонгийн шүүх гаргалаа

ЖАСТ-ын Ш.Батхүү “Эрдэнэт”-ийн баяжуулах үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн Стандарт банкнаас 140 сая долларын зээл авсан асуудал сөхөгдөж байна. Энэ асуудал 2013 онд олон нийтэд ил тод болсон. Ш.Батхүү Стандарт банкнаас гаргасан хуваарийн дагуу зээлээ төлж чадахгүй байгаагаас үүдэн тус банк Монгол Улсын төрийг Лондонгийн Арбитерийн шүүхэд гомдол гаргасан.

 Лондонгийн Арбитерийн анхан шатны шүүхээс саяхан Монгол Улсын төрийг эхний ээлжинд 51 сая доллар төлөх шийдвэр гаргажээ. 2016 оны 6 дугаар сард Ш.Батхүү өөртэй нь холбоотой энэхүү асуудлын талаар “7 дугаар сард шүүх болно” гэж хэвлэлд мэдээлж байлаа. ЖАСТ-ын Ш.Батхүүгийн зээлийн асуудлын талаар холбогдох байгууллагын хүмүүс хэвлэлд мэдээлэл өгөхгүй, “мэдэхгүй, миний хариуцсан ажил биш” гэсэн хариулт өгдөг тухай ч Монголын хэвлэлүүд шүүмжилж байна. 

Харин өнөөдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга  Ж.Ням-Осор хэлэхдээ “Энэ бол Ш.Батхүүгийн өөрийнх нь алдаа. Түүнтэй холбоотой зээлийн өрийн асуудлын өмгөөллийн хөлсөнд 5-6 сая ам долларыг  “Эрдэнэт” үйлдвэрээс гаргаж өгсөн гэсэн мэдээлэл байгаа” гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар бол Монгол Улсын хамгийн том үйлдвэрийг хувийн компанид гадаадын банкны барьцаанд тавихыг зөвшөөрч анх удаа гарын үсэг зурсан хүний нэг. Нөгөөдөх хүн нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг юм.

Гэтэл 140 ам долларыг Ш.Батхүү нь гурван удаагийн үйлдлээр авахдаа ТУЗ-ийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй байна. Тэрээр “Миний хийсэн хамгийн том алдаа бол Монгол газар компанитай орооцолдсон явдал" гэж 2013 оны 7 дугаар сард хэвлэлд мэдээлэл өгч байсан. Мөн  ЖАСТ компаниа зарсан юм. Энэ тухай “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтэс, зөвлөхүүд хэвлэл, мэдээллээр дамжуулж, тодорхой мэдээлэл өгөхгүй, нуусаар байгаа юм.

Монголын төр татвар төлөгчдийн мөнгөөр зээлийг төлөх үү, энэ өр хэнээс гарах вэ гэдэг асуудлын хариу хүлээгдэж байна.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу