Далай лам Түвдээс зугтахад нь тусалсан харуултай олон жилийн дараа уулзлаа

Олон жилийн өмнө Энэтхэгийн хилийн харуул Нарен Чандра Дас Хятадын хилээр орж ирэх нүдний шилтэй залууг хамгаалж тосох үүрэг хүлээж авсан юм. Тэгвэл 60 орчим жилийн дараа тэр Хятадын эсрэг бослогын дараа Түвдээс Энэтхэгт дүрвэж ирсэн Далай ламтай дахин уулзсан байна. Өнгөрсөн Ням гарагт зүүн хойд Энэтхэгийн Гувахати хотод тэдний сэтгэл хөдлөм уулзалт болжээ.
 
 
79 настай Дастай уулзсан Далай лам хамгийн түрүүнд “Таны царайг хараад би өөрийгөө бас хэр хөгширснийг мэдлээ” гэж хэлсэн байна. Далай лам зүүн хойд Энэтхэгээр аялж яваа бөгөөд замд нь Аруначал Прадеш муж багтаж байгаа нь Бээжинг бухимдуулж байгаа юм. Учир нь энэ мужийг Хятадын тал өөрийн газар нутаг гэж үзэн “өмнөд Түвд” гэж нэрлэдэг. Маргаантай газар нутагт Далай ламыг ирэхээс өмнө Хятадын эрх баригчид урьдчилан эсэргүүцлээ илэрхийлсээр байсан юм. Хятадын эсрэг, салан тусгаарлагч үзэлтэн гэгддэг Далай лам 1959 онд 23 настайдаа Хятадын армиас зугтан 13 хоногийн аялал хийж Хималайг давсны эцэст энэ нутагт ирж байжээ.

Энэтхэгт ирэх хүртэл нь түүнийг бослогын үеэр Хятадын цэргүүдэд алагдсанд тооцож байв. Халуун дотноор угтаж авсан Энэтхэг улс Далай ламд Дарамсала хотод суурьших эрх олгосон юм. Хятадын гадаад хэргийн яам Даваа гарагт Хятад-Энэтхэгийн хил дагуу аялж байгаа Далай ламыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргажээ.1962 онд Хятад-Энэтхэгийн хооронд богино хугацааны дайн болсны гол шалтгаан нь Далай ламыг гэж Бээжин үздэг юм. Тэр цагаас хойш Аруначал Прадеш муж хоёр улсын хооронд маргаантай бүс нутагт тооцогдож, цэрэг зэвсэг ихээр бөөгнөрсөн газар болжээ.

Уулзалтын үеэр ахмад дайчин Дасын чихэнд Далай лам ямар нэг үг хэлж байсан юм. Сүүлд хүмүүс түүнээс дээрхийн гэгээнтэн юу гэж хэлснийг асуухад Дас “тэр надтай уулзсандаа баяртай байна гэсэн” гэж хариулсан байна.

Эх сурвалж: The Guardian

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу