Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх "Ай Ти Эм Монголиа-2017” нь олны хөлд дараастай

"Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Мишээл экспод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэнд нийслэл хот, бүх аймаг орон нутаг, сумдаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, тур оператор, зочид буудал, жуулчны баазууд зэрэг олон байгууллагуудыг хамарсан Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагддаг хамгийн том аялал жуулчлалын арга хэмжээ юм. БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо албан ёсны түнш Ховд аймагтай  хамтран уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн нь өдөр бүр хөтөлбөрийн дагуу явагдаж байна. Энэ хүрээнд гадаад, дотоодын хэлэлцүүлэг, семинараас эхлээд олон арга хэмжээ тусгагджээ.

Энд ирсэн хүмүүс бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аялалын хөтөлбөртэй танилцах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлөлттэй үнээр авах, гэрээгээ баталгаажуулах, аялалын даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад, дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана.

Өнөөдрийн байдлаар дуу хөгжим эгшиглэсэн, хөл хөдөлгөөн ихтэй, ирсэн зочид,үзэгчдэд урлагийн тоглолт сонирхуулж байлаа. Жишээ нь, Завхан аймгийн театрын бүжиг, дуу, илбэ хүмүүсийг баясгаж байв. Үзэсгэлэнд жуулчны бааз,  тур оператор компаниуд, зочид буудал, гэст хаус, их дээд сургуулиуд, гаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалтай холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр зэрэг нийт 200 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байлаа. 

Энэ үеэр Anja ger camp компанийн захирлаас энэ жилийн олон улсын аялал жуулчлалын компани өмнөх жилтэй харьцуулахад ямар түвшинд явагдаж байна вэ. Танай компанийн үйл ажиллагаатай хүмүүс хэр их ирж, сонирхож байна вэ? хэмээн асуухад “Олон улсын үзэсгэлэн гэж нэрлэсэн. Гэтэл голдуу хот, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, тур оператор, бусад байгууллагууд оролцож байна. Хүмүүс ирж, сонирхож байна. Гадаадын байгууллагуудаас оролцоогүй юм шиг байна. Ганц, хоёр компани байгаа харагдсан.” гэв.

Мөн сэтгүүлч мэргэжилтэй боловч хувийн бизнес эрхэлдэг эмэгтэйгээс үзэсгэлэнгийн талаархи сэтгэгдлийг нь асуулаа. Тэрээр “Энэ жилийн үзэсгэлэн хот, хөдөө, орон нутгийн аялал жуулчлал, тур оператор, үндэсний бүтээгдэхүүнээ сурталчилж, оролцож байгаа компаниуд хоорондоо гэрээ байгуулж байна. Баруун аймгийнх нь Хөвсгөл, Ховд гэх мэт болон зүүн аймгийн компаниудтай дотоодын аялал жуулчлалаар гэрээ байгуулж байгаа нь сайшаалтай харагдаж байна.” гэж хэллээ.

Манай монголчууд аялал жуулчлал их сонирхдог болсон нь энэ үзэсгэлэнгээс илт харагдаж байлаа. Ирсэн хүн бүр л танилцуулах хуудас, материал авч сонирхон үзсээр. Тоглолтын үеэр аялал жуулчлалтай холбоотой тааврыг хүмүүсийн дунд явуулж, зөв таасан хүмүүст гарын бэлэг өгөв. Гарын бэлэг авсан хүмүүс нь голдуу аялал жуулчлалын компанид ажилладаг аж. Тэд аялал жуулчлалын талаар илүү мэдлэг, мэдээлэл сайтай байдаг байна. Мөн хоолны сургалтыг хоёр давхарт сонирхсон хүмүүст үнэ төлбөргүй явуулж байсан. Харин үзэсгэлэнгийн сүүлийн өдөр 30 гаруй ажил олгогчдын 210-аад ажлын байр зарлагдсан "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдана.

Өчигдөр болсон нээлтэнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл  “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас 2017 оныг “Хөгжлийн төлөөх олон улсын тогтвортой аялал жуулчлалын жил” болгон зарлаж, дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэхүү жилийг “Аял.Таашаа.Хүндэл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хурдацтай өсч байгаа салбаруудын нэг юм.

Дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувь, худалдаа үйлчилгээний 30 хувь, хөрөнгө оруулалтын  долоон хувь, экспортын 10 хувийг тус тус эзэлж, ажил эрхэлдэг 11 хүн тутмын нэг нь уг салбарт ажлын байраар хангагдаж байна. 2016 онд давхардсан тоогоор нэг сая 900 мянга орчим Монгол иргэд гадаад улс орнууд руу аялснаас үзэхэд манай улс жуулчин хүлээн авагч төдийгүй жуулчин илгээгч улсын хэмжээнд хүрсэн нь харагдаж байгаа. Цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ зорилтод хүрэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь гол арга замуудын нэг гэдгийг энд онцлон дурьдмаар байна” гэж ярьсан.

Түүний хэлснээр энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нь төр, хувийн хэвшлүүд бие биеэ дэмжин, дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг үгийг батлах шиг ажиглагдлаа. Учир нь зарим тур операторын эзэд хэлэхдээ аялал жуулчлал дотооддоо хөгжиж эхэлжбайгаа ч тийм ч ашиг, орлогтой байдаггүй гэж байлаа.

Манай улс өнгөрсөн онд 404 гаруй мянган жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 312 сая гаруй ам долларын орлогыг оруулсан байдаг. Харин улсын хэмжээнд нийт 274 тур оператор компани, 473 зочид буудал, 385 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байна. Тиймээс тус салбараас нийт 54,000 ажлын байрыг бий болгож чаджээ.

Өнгөрсөн оны  10 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал болсон. Энэхүү олон улсын бага хурлыг зохион байгуулах болсон шалтгаан нь 2015 оны 6 дугаар сарын 19-нд БНХАУ-ын Сиань хотод болсон уулзалтын үеэр НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд аялал жуулчлалын санал тавьсан байдаг.

Ноён Талеб Рифай хэлэхдээ “Монгол Улс ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төслийг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болох хэрэгтэй. Бид дэмжиж ажиллах санал тавьж байна.” гэсэн. Тиймээс “нүүдлийн аялал жуулчлал” нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд монголын брэнд болж байгаа юм.

Энэ дашрамд сонирхуулахад, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг “Монгол Улс бол өнө эртний түүх соёлтой, ховор нандин ан амьтан, ургамал, байгалийн баялагтай орон. Монгол Улсын нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөдөр дэлхийн жуулчдын хандлага нь онгон байгалдаа эргэн очих, нүүдлийн мал аж ахуйг өөрийн биеэр мэдрэх хандлагатай боллоо. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр хотууд тогтвортой хөгжихөөс гадна тухай улсын үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ. “ гэж олон улсын хурлын үеэр хэлсэн байдаг.

                                                                    .                                Сурвалжилсан Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу