М.Дархижав: Хил орчмын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй

М.Дархижавын  санаачлан, хэрэгжүүлсэн Монгол орноо тойрон аялах  “Хүүгийн Нүүдэл” аялал 2016 оны 3-р сарын 21-нээс Монгол Улсын төв цэг буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумаас авто аяллаар эхэлж байсан байна. Монгол орныхоо байгалийн цаг уур, онцлогоос шалтгаалаад автомашин, мотоцикл, тэмээн, явган, морь, завь, галт тэрэг, дугуйн аяллуудыг сонгож нийт 11000 км замыг туулан эх орноо бүтэн тойрчээ. Тус аялалын тухай тэмдэглэл ном гарсан байна. “Хүүгийн Нүүдэл” номын талаар номын зохиогч, аялагч М.Дархижавтай ярилцлаа.

-    Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа “Хүүгийн нүүдэл” тойрон аяллын тухай яриагаа эхлэх үү?

-   Манай аялал 2016 оны 3-р сарын 21-нээс Өвөрхангай аймгийн Өвөрхошуутаас эхэлсэн. Ерөнхий аяллын маань нэр “Хүүгийн Нүүдэл” гэдэг нэртэй. Дандаа эрчүүдээс бүрдсэн баг байгаа. Өртөөлсөн маягаар явах учраас энэ нэрийг сонгож өгсөн. Аялал морь, тэмээ, мотоцикл, завь, галт тэрэг гэсэн 10 төрлөөр өртөөлөн явагдсан. 10 төрөл бүр дээр нэг хамтрагчтай аялсан. Аялал 7-р сарын 29-ны өдөр амжилттай дууссан. Нийт 130 өдөр үргэлжилсэн дурсамж дүүрэн сайхан аялал болсон. Энэ аялал маань МЗХ үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой, Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан хийсэн байгаа. Аймаг бүр дээр очиход аймгийн залуучуудын  холбооныхон сайхан угтан авч, хэрэгцээтэй бүхий л зүйлээр хангаж байсан.

-          Тойрон аяллыг яагаад хийхээр болсон бэ?

-          Би аялал жуулчлалын мэргэжилтэй. Мэргэжлийнхээ хүрээнд мэдлэгээ нэмэх, өөрийгөө сорьж үзэх, туршлага хуримтлуулах зорилгоор энэхүү аяллыг хийсэн.

-          Энэхүү аяллаас сэдэвлэн номоо гаргасан байна. Ном гаргах санаа хэрхэн төрсөн вэ?

-          Аяллын төлөвлөгөөг гаргаж байх явцад аяллын үр дүн, зорилго гэх мэт бүх зүйлийн гаргасан. Анх жижиг товхимол гаргах төлөвлөгөөтэй байсан. Хүн бүр ийм тойрон аяллыг хийх боломжгүй учраас эх орныхоо сайхан байгаль, түүх дурсгалын зүйлийн талаар мэдлэгтэй болоосой гэдэг үүднээс ном гаргах болсон.

-          Номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Ямар ямар мэдээлэл багтсан бэ?

-          Ном маань 10 бүлэгтэй. Монгол орныхоо газар зүйн байдлыг үндэслээд аяллаа 10 өртөөнд хуваасан. Өртөө бүр дээр үзэж харсан зүйл, тулгарч байсан бэрхшээл, хэрхэн даван туулсан зэрэг хүмүүст сонирхолтой байх зүйлүүдийг бичсэн.

-          Тэмдэглэлүүдээ хэрхэн яаж хөтөлж байсан вэ?

-          Эхний хэдэн хоногт өдөр өдөртөө тэмдэглэлээ хөтлөөд явдаг байсан. Аялалдаа жоохон ядраад гурав хоноод нэг бичдэг байсан бол бүр сүүлдээ долоо хоногтоо нэг бичдэг болсон./инээв/. Гэхдээ уулзсан хүн, харсан үзсэн зүйлээ цаг тухайд нь бичдэг байсан.

-          Монгол Улсаа тойрон аялсан хүний хувьд манай улсад аялал жуулчлал хөгжих боломж хэр харагдсан бэ?

-          Миний бодлоор манай улс хил орчмын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл Дорнод аймагт байдаг гурван улсын баганыг хөгжүүлэх боломж харагддаг. Хятад, ОХУ иргэддээ үзүүлээд аялал жуулчлалаа хөгжүүлдэг бол манай улс л тоохгүй орхисон байдаг. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлснээр олон боломж нээгдэх юм шиг санагддаг.

-          Аяллын зардлыг хүмүүс сонирхож байгаа байх. Монгол Улсаа тойрсон аялал болохоор их зардал гарсан болов уу?

-          Аялал бүр л тодорхой хэмжээний зардал шаарддаг. Найз, нөхөд, гэр бүл, аймгуудын залуучуудын холбооны залуусын тусламжтайгаар нэг ч өдөр өлсөлгүй аяллаа дуусгасан. Тухайн үед хямраагүй хоёр зүйл л байсан нэг миний өөрийн хичээл зүтгэл, нөгөө нь намайг дэмжиж тусалсан хүмүүс л байсан даа. Аяллын нийт зардал найман сая төгрөг болсон.

-          Дараагийн аяллаа төлөвлөсөн болов уу?

-          Одоогийн байдлаар суурин байх төлөвгөөтэй байна. Гэхдээ цаг үе нь таараад боломж нь олдвол Монгол тулгатны нэгдсэн аяллыг хийх хүсэл байна.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу