Паразитуудад чөдөрлүүлсэн иргэд бодит оролцоогоор эрхээ эдэлнэ

Монголын нийгэмд тулгамдаж байгаа асуудал олон бий. Ардчилсан, зах зээлийн нийгэм хөгжиж гэж олон жил ярилаа. Харин  монголчууд бид шинэ цаг үед амьдрах нь чухал. Энэ цаг үед бодит үйл хэргээр хувьсгал хийх үү. Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж Засгийн газар, иргэний нийгмийн төлөөлөл болсон ТББ-ууд, олон улсын байгууллагуудын хүрээнд чуулган, хэлэлцүүлэг улиг болтлоо хийдэг.  Хамгийн гол нь ард иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд бага ярьж, бодитой ажил хийх нь илүү үнэ цэнэтэй ажил болох нь хэнд ч тодорхой. Бид гадаад, дотоодын “залигагчдад” мэрж идүүлж, амьдрал доройтож, зах зээлд дарамтлуулж байгаа нь нэгэнтээ нууц биш болжээ. Сүүлийн жишээ баримт бол Монголын төрөөс төрсөн оффшорчид байгаа юм.

Монгол хүнд нийгмийн идэвхи гэж зүйл оргүй алга болов

Судлаач Х.Д.Ганхуяг  Монголчууд одоо л нийгмийн идэвхи гаргаж, нийтийн, нийгмийн, үндэсний эрх ашгаа хамгаалахгүй бол хар амиа хичээгээд мөр мөрөө хөөгөөд явж байгаа хэдэн салангид  юмнуудыг  хуурч мэхлэх, дарлаж дээрэлхэх шиг амархан юм хаана байх билээ…
Сүүлийн жилүүдэд монгол хүнд нийгмийн идэвхи гэж зүйл оргүй алга болов. Зөвхөн хувийн материаллаг идэвхи, түүний сэдэл л байх болов. Үүний улмаас монголын нийгэм атомжиж, бүхэллэг шинжээ алдаж, дан ганц бэртэгчин атомуудаас бүрдэх болов. Өөрөөр хэлбэл нийгмийн зохион байгуулалт, хамтын ажиллагаа гэдэг зүйл оргүй алга болов. Системийн онолын үүднээс үзвэл ийм нийгэм оршин тогтнох ямар ч боломжгүй юм.
Зүйрлэвэл паразитууд организмыг дотроос нь сорон мөлжиж үржин амьдарч болох боловч хэрэв организм үхвэл бүх паразитууд бүгдээрээ хамт үхэх нь гарцаагүй. Мөн паразитууд хэзээ ч бүхэл организм болон хөгжих буюу түүнийг орлож чаддаггүй. Эдүгээ монголын нийгэм паразитуудад бариулаад үхэх гэж байна.

Монголын нийгэм өөр хоорондоо дайсагнагч хүмүүсийн бөөгнөрөл болсон ба ийм нийгэмд алив хүн шударгаар ажиллаж амьдрах ямар нэг гэгээн ариун хүсэл эрмэлзэлгүй болдог. Нийгмийн идэвхи бол урам зориг, итгэл үнэмшил, сүлд хийморь, жавхаа, нэр төр зэрэг бусад олон суурь ойлголтуудтай амин холбоотой. хэмээн өнөө цагийн монголын нийгмийн үнэн бодит нөхцөл байдлыг тодорхойлсон байдаг.

Тэгвэл бид юуны өмнө ийм паразитуудад чөдөрлөгдсөн нийгмээс яаж чөлөөлөгдөх вэ. Гарц, арга зам хайж хэлэлцсээр. Гэхдээ иргэний нийгмийн байгууллагууд, төр засаг ард иргэдийнхээ төлөө зоримог шийдвэрүүдийг гаргаж байгаа ч  тэр нь бодитойгоор хэрэгжих талдаа удаан байгааг олон нийт шүүмжилдэг.

Харин энэ сарын 24-25-ны өдрүүдэд Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний бодит оролцоо XII чуулган уламжлал ёсоор болж өнгөрлөө. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-н гишүүн Н.Учрал, Монфемнет үндэсний сүлжээ байгууллагын зохицуулагч Д.Энхжаргал, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээнийЗөвлөх Д.Сүхжаргалмаа, бусад зохион байгуулагч, олон эмэгтэйчүүд оролцов.

Уламжлал болгон явагддаг тус чуулганаар Монголын хөгжлийн бодлогыг төлөвлөх, хөгжлийн үйл явцыг хянахад иргэд оролцох, үр шимийг тэгш хүртэх бодлогын болон хууль зүйн зохицуулалтын орчны төлөв байдал, хүрсэн ололт амжилтыг дүгнэж, хууль тогтоомжоор баталгаажсан иргэний оролцооны арга замыг цаашид бэхжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгааг тодорхойлж,хамтын зорилт, стратегиудаа хэлэлцлээ. Эдгээр үндсэн чиглэлд хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш эрх, нийгэм эдийн засгийн шударга ёс, хамтын ажиллагааны асуудлууд хөндсөн.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн эхэнд хэлсэн үгэндээ Жил бүхэн чуулганаа хийж, тодорхой сэдэв сонгож, тэр жилийнхээ үйл ажиллагааг тодорхойлж ажилладаг үндэсний сүлжээтэй болсон нь Монголын баялаг юм. Энэ бол манай нийгмийн баялаг. Үүнийг Ерөнхийлөгч төр нь иргэдийнхээ сайн санаачилга, сайхан зүйлийн өөдөөс алхам хийх хэрэгтэй....Иргэний нийгмийн байгууллагаа дэмжинэ гэдэг бол нийгмээ, нийгмийн сайн сайхныг дэмжиж байгаа, амьдарч байгаа нийгэмдээ бий болж байгаа сайн сайхнаа дэмжиж байгаа үйл ажиллагаа шүү гэж хэлмээр байгаа юм. ...Яагаад би иргэдийн оролцоо байх ёстой гэж байнга ярьдаг вэ гэхээр иргэд оролцоод ирэхээр л гаргаж байгаа бодлого хүнд наалддаг. Хүнд ээлтэй бодлого болдог. Хүнд хүнлэг бодлого болдог.нь, УИХ нь, засаг нь бүгдээрээ дэмжиж, улам цаашаа хөгжүүлэх хэрэгтэй. Та бүхэнд амжилт хүсье” гэж онцолж байлаа.

Монголд эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн, ядуурлын асуудал хүнд нөхцөлд байна

Дараа нь НҮБ-ын ХАС-гийн суурин төлөөлөгч Наоми Китахара Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг санаачлан батлуулахад ихээхэн зүтгэл гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид иргэний нийгмийн байгууллагуудад тусалж дэмждэгт нь чин сэтгэлийн талархал илэрхийлээд,“Монголын эмэгтэйчүүд төрийн бодлогод оролцох боломж хязгаарлагдмал байдаг нь ажиглагддаг. Харин иргэний нийгмийн Эмэгтэйчүүдийн нүдээр чуулган нь Монголын бүх давхаргыг хамарсан  бүтээлч үйл ажиллагаа юм. ... Монголд эмэгтэйчүүдийн, гэр бүлийн хүчирхийллийн, ядуурлын асуудал хүнд нөхцөлд байна.Монголын эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөл байдалд хөрөнгө мөнгөө зөв хуваарилах үүргийг эмэгтэйчүүд голлож гүйцэтгэвэл үр дүнтэй байх юм гэж сануулж хэлсэн.

Ингээд чуулганы эхний хэлэлцүүлэг Бодит оролцооны бодлого, үйл ажиллагааны орчин сэдвээр эхэлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ  Монолд 600 гаруй хууль, тогтоомж байдаг.Эндээс маш олон хуулийн зохицуулалт хэрэгждэггүй. Тэгэхээр амьгүй хууль, тогтоомж их байна. Үүнийг өөрчилж засахын тулд иргэдийн оролцоог хамруулах шаардлагатай гэж бодож байгаа. Жишээ нь, манай зарим хуульд гадаадын хууль тогтоомжноос шууд санаа аваад оруулсан байдаг нь Монголын хөрсөнд тохирохгүй байдаг. ..Бодит, бүтээлч ажил чухал болж байна.  гэж анхаарууллаа. Тэрээр иргэдтэйгээ эргэх холбоогоор харилцаж, шууд утас ажилуулж, тэднээс санал хүсэлт авч ажилладаг тухайгаа энэ үеэр дуулгасан. Энэ бол төрийн гишүүн хүний иргэдтэйгээ харилцах хамгийн бодитой харилцааны нэг хэлбэр юм.

Нийгмийн бодит оролцоонд паян ярихгүйгээр бичиг баримтанд саналаа тусгуулах нь чухал

Энэ үеэр Д.Сүхжаргалмаа иргэний нийгийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудалд төрөөс хойрго байдгийг онцолсон. Тэрээр монгол иргэн хүний оролцоог нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд яаж бэхжүүлэх талаар байр сууриа илэрхийлэхдээ “Ард түмний засаглал зөвхөн оролцоон дээр тогтдог. Өөрсдийн амьдралд тулгарч байгаа асуудлыг нийгмийн тулгамдсан үйл ажилагаанд оролцсноор шийддэг болно. Бидний яриад байгаа иргэдийн оролцоог аль 200-300 гаруй жилийн өмнөөс яриад хэлчихсэн байдаг юм. Гэхдээ монголчууд бид нийгмийн бодит оролцоог хэрэгжүүлэхдээ “паян ярихгүй” байх хэрэгтэй. Хамгийн гол нь төр засагтаа шаардлага тавьж, баримт бичигт нь саналаа тусгуулах албан хүсэлтээ хүргүүлэх ёстой байдаг юм аа. “ гэв.

Тус Үндэсний сүлжээ байгууллагын судалгаагаар иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг голдуу гадаадын олон улсын байгууллага, банкууд зэрэг доноруудаас санхжүүлж байжээ. Гэтэл манай төрөөс 2- хон хувийн санхүүжилтээр дэмжсэн байна. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ асуудалд хариулт өгсөн юм.

“Монгол Улсын төсвийн тухай хуулинд иргэдийн оролцоог заасан. Иргэдээс гарч буй санал хүсэлтийг бүх шатны байгууллага хүлээн авч, яаманд танилцуулах эрх нь чөлөөтэй байгаа. Жишээ нь, Шилэн дансны тухай хуулийн үйл явц, хэрэгжилтийн талаар иргэдээс санал авч, манай яам 7 хоногийн дотор хариу өгөх боломжтой. Шилэн дансны тухай хууль гарсан ч санхүүгийн хяналт сул байна.” гэж яриад , цааш нь Дэлхийн банкнаас Иргэний нийгмийн байгууллагуудыг дэмждэг. Гэтэл эдийн засаг манай улсад хүнд байна. Төрөөс улсын төсвийг 40-50 хувиар танахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг. Ийм нөхцөл байдалд иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих боломжгүй юм. Гэвч иргэний нийгмийн байгууллагуудад тодорхой хувиар санхүүжилтийг хуваарилах асуудлыг хэлэлцэж шийднэ” гэж мэдэгдлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн анхны харилцагч мэс засал, гэмтлийн эмч нарын харилцаанд анхааръя

Чуулганы хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гэмтлийн эмнэлэгийн эмч н.Сувд гэр бүлийн хүчирхийлэлд хохирсон эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн болон эмнэлзүйн бүх талын үйлчилгээг үзүүлдэг тухайгаа товч дурдаад, тулгарч байгаа бэрхшээлийн тухай  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хамгийн түрүүнд мэс заслын, гэмтлийн эмч дээр очдог. Сэтгэл зүйн дарамтанд орсон тэднийг мэс заслын, гэмтлийн эмч нар сайн ойлгодоггүй учир гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, нөхөртөө зодуулсан эмэгтэйчүүд илэн далангүй сэтгэгдлээ нээж ярьдаггүй. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдийг хамгийн түрүүнд хүлээж авдаг мэс засал, гэмтлийн эмч нарын харилцаанд анхаарах, тэднийг хэрхэн угтаж, хүлээн авч, сэтгэл зүйн засал хийх талаар бодлогын арга хэмжээ авмаар байна  гэж саналаа тавьсан.

Энэ чуулганы хүрээнд Хөгжил дэх иргэдийн оролцоо- ядуурлын эсрэг тэмцэл,  Байгаль орчны албар дахь иргэдийн оролцоо, Эрүүл мэнд, боловсролын салбарт иргэдийн оролцоо гэх мэт салбарласан хэлэлцүүлэг явагдлаа. Ийнхүү хоёр өдрийн турш хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэн, дүгнэх хэсэг болж, зарим амжилт гаргасан эмэгтэйчүүдийг шагнав. 

Хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр ННФ-ын эдийн засгийн хөтлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг:  Иргэдийн бодит оролцоог цөөхөн журамласан салбарын нэг нь байгаль орчны салбар юм. Энэ бол ИНБ-ын үр дүн. Тэгвэл оролцоо яагаад сайн журамласан юм бол яагаад байгаль орчин сүйдэж байна!!! Иргэдэд бүрэн танилцуулга хийгдэхгүй, тухайн төслийнхөө сөрөг талыг танилцуулдаггүй, Аархусын конвенцыг дагаж мөрдөхгүй байна. 2016.7.1ний захиргааны ерөнхий хуулиар иргэдийг оролцуулах хууль журмын дагуу явахгүй байна. Урьдчилан мэдээлэл авах эрх хангагдахгүй байна. 

                     Системдээ өөрчлөлт хийх шаардлагатай

Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан: Монгол улс байгальд халтай улс орнуудын 6-рт орчихсон явж байна. 1рт байгалийн нөөцөө хурдтай ашиглаж байгаа, 2рт нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалт байдаггүй, 3рт байгальд шингэдэггүй халтай хог хаягдалтай гэсэн 3 хүчин зүйл дээр 0 оноотой явж байна.

Байгаль орчны салбар дахь иргэдийн оролцоо хуралдааны чиглүүлэгч, Оюу толгойн Хяналт ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл: таны эрх ашиг хөндөгдөж байгаа бол та оролцох хэрэгтэй. 

Чингэлтэй дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн Зохицуулагч Л.Отгонбаатар: Залуучуудыг сонирхлоор нь нэгтгэх болон гэрт нь байгаа асуудлыг нь хэрхэн шийдвэрлэж болох талаар зөвлөх байдлаар хамтран ажиллаж байна. 

Өвөрхангай аймгийг мөнгөн хуримтлалын бүлгийн дарга Ш.Цэрэндолгор: Манай бүлэг нь 150 гаруй гишүүдтэй, 98 хувь нь өрх толгойлсон болон бусад бүлгийн эмэгтэйчүүд байдаг. 6 гишүүн ижил загварын байшин барьж орон нутгийн удирдлагуудаас газрын асуудлаа шийдүүлж, автобусны зогсоолтой болсноор тогтмол зогсдог болсон. Засаг захиргаатайгаа холбоотой ажилласнаар иргэд мэдээлэлтэй болдог.

Хуралдааны завсарлагаанаар чуулганд оролцогчдын заримаас нь иргэдийн оролцоог бодит болгох нь энэ чуулганы гол зорилго боллоо. Иргэд тулгарч байгаа асуудлаа шийдүүлэхийн тулд ямар аргаар бодитой оролцвол эрхээ бүрэн эдлэх  вэ? гэж тодруулсан юм.

Сүхбаатар аймгийн Онгон сумын сайн малчин, тэтгэвэрт гарсан Л.Сумъяа иргэдийн бодитой оролцооны талаар ярихдаа малчдын эрх яаж зөрчигдөж байгааг онцолсон.

Тэрээр “Малчин хүний эрх их зөрчигддөг. Нийгмийн даатгал, төрийн халамжаар малчин хүн их дутагддаг. Сүүлийн үед малчны арьс, ширийн үнийг их үнэгүйдүүлж байгаа. Цагаан идээ боловсруулах орчин нөхцөл, тоног төхөөрөмж шаардлага хангадаггүй. Мөн малчны хүүхэд сургуульд орлоо гэхэд ээж нь дагаж нүүдэг. Аав нь хөдөө малаа хариулаад амьдардаг зэрэг нь их хэцүү байдаг. Малчин хүн өөрсдийн эрх ашгийг хамгаалуулж, хөдөлмөрөө үнэлүүлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой гэж бодож байна. Энэ чуулган нь их сайхан зөвлөмж, санаа, гарц өгч байгаад баяртай байна. “ гэж  ярив.

Иргэний боловсролын төв ТББ-ын хөтөлбөрийн зохицуулагч Б. Ариунцэцэг:

-Иргэний нийгмийн бүх байгууллагууд нийгэмд тулгарч байгаа асуудлын төлөө хамаг ачааг үүрдэг. Төр ТББ-уудтай хамтарч ажлаа явуулах ёстой. Жишээ нь, иргэд нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох талаар мэдээлэл дутмаг байдаг нь ажиглагддаг.  Иргэд голдуу сошиал ертөнцөөс мэдээлэл авах, тэр хуудсанд өөрийн байр сууриа  илэрхийлэх замаар оролцож байна. Цаашид иргэдийн оролцоог бодитой болгохын тулд одоогийн хүүхэд, залуучуудын сургалтын хөтөлбөрт иргэний боловсролын хичээл заавал оруулах ёстой. Одоогийн байдлаар бэлтгэсэн багш байхгүй  гээд хичээл нь бараг ордоггүй сонсогддог.

Хуулийн зөвлөгч, өмгөөлөгч, / эрх зүйч/ А.Жаргалан:

-Иргэдэд хамгийн их хамааралтай хүний эрхийг хангасан хуулиуд болох Жендерийн тэгш эрхийн тухай, Татварын тухай хуулиудыг иргэд маань сайн судлах шаардлагатай. Өөрсдөд нь хамааралтай хууль батлагдахаас өмнө уншиж, судалж, саналаа хүргүүлэх нь иргэдийн бодит оролцоо болж байгаа юм. Тэдний дуу хоолойг хуулинд тусгах нь чухал.  Иргэдийг болж буй хэлэлцүүлэгт чөлөөтэй хамруулах нь бас үр дүнтэй ажил болно. Ер нь иргэдийн бодитой оролцоог идэвхжүүлэхийн тулд системдээ өөрчлөлт хийх шаардлагатай.

Ийнхүү иргэдийн төлөөллүүдийн байр сууриа энэ юм. Монголчууд бид шинэ цаг үед шилжиж, тулгамдсан асуудлаа эрх тэгш шийдүүлэх эрхтэй шүү дээ. Эрх тэгш амьдрахын тулд нийгэмд бугласан паразитуудыг ялах нь одоо цагийн нэг хувьсгал болжээ. Тиймээс иргэдийн бодит оролцоог хөгжүүлснээр эрхээ бүрэн эдлэнэ.

 Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу