Наадмын тасалбарын захиалгыг онлайнаар авч байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага болон иргэдийн бизнес уулзалт “Улаанбаатар” чуулгын байранд өнөөдөр /2016.05.25/ болж байна.

Уг уулзалтаар аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбоотой Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинээр хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өгч, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа.  

Мөн бүртгэлийн хэсэгт наадмын тасалбарын онлайн захиалга авч байсан бөгөөд "Даншиг наадам-Хүрээ цам", "Бест оф классикс", "Учиртай гурван толгой" зэрэг үзэгчид олонтой гурван арга хэмжээний тасалбарын захиалга авч байв. Тасалбарын үнэ 5-10 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үзэгчид харьцангуй их үзнэ гэж тооцон энэ гурван тоглолтын суудлын тоог энэ жил нэмжээ.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл “Энэ онд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулна. Эдгээр арга хэмжээнд өнгөрсөн жилийнхтэй ижил буюу 3.2 тэрбум төгрөг зарцуулна” гэж ярилаа. 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил тус хөтөлбөрт 460 мянган иргэд, жуулчид хамрагдсан байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Өнгөрсөн жил манай орныг зорин ирэх жуулчдын тоо 15-20 хувиар нэмэгдсэн. Саяхны аялал жуулчлалын салбарын судалгаагаар Герман улсаас Монголд ирэх хүсэлтэй 3.5 сая жуулчин байна гэсэн дүн гарчээ. Зөвхөн Герман улсын хэмжээнд л ийм байна. Харамсалтай нь манай орон аялал жуулчлалын зөв бүтцийг хийж, чадалгүй лоозогнож байсан. Одоо олон тооны жуулчин авах гэхээр буудал, онгоц хүрэлцэхгүй байна. Энэ жил манай оронд ирэх жуулчид их төлөвтэй байгаа” гэв.

Мөн энэ үеэр Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “Five tones” уран бүтээлээ сонирхуулав.


“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих соёл, урлагийн арга хэмжээнүүд

2016.06.04 “Улаанбаатар” олон улсын марафон /Бүх нийтийн гүйлт/

2016.06.04-05 “Улаанбаатар” аялал жуулчлалын үзэсгэлэн

2016.06.10 “Улаанбаатар Венийн үдэш” тоглолт

2016.07.02 “Best of classics” Сонгодог урлагийн үдэш

2016.07.10 “Дээлтэй монгол наадам”

2016.07.10 “Учиртай гурван толгой” дуурь

2016.07.12 “Талын бүжиг фестиваль” Монгол туургатны бүжгийн их наадам

2016.07.14 “Ulaanbaatar swing night” Их талын жазз олон улсын фестиваль

2016.08.06-07 “Даншиг наадам-Хүрээ цам” Шашин соёлын наадам

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу