Монголчууд Ойрхи Дорнодын зах зээл рүү мах экспортловол эдийн засагт өсөлттэй байх нь

Хэвлэлийн хүрээлэнгийн эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб нь энэ сарын 22-нд махны экспортыг нэмэгдүүлэх ямар арга замууд байгаа болон малын халдварт өвчний талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.  Хэлэлцүүлэгийн үеэр ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар ярихдаа  махны экспортын асуудлыг тухайн улсын салбарын албаны хүмүүстэй хамтарч хийх  талаар манай салбарын сайд ОХУ-д айлчлахдаа зөвлөлдсөн. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх. Харин махаа экспортлоход сөрөг нөлөө үзүүлдэг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ОХУ-аас вакцин хөнгөлттэй үнээр авч, малд хийсэн нь үр дүнгээ үзүүлсэн гэж мэдэгдэж байгаа. Одоогийн байдлаар малын махны чанар, түүхийн эд шаардлага хангахгүй байгаа нь хүндрэлтэй байна гэж яриад байгаа. Манай улс жилд 10 сая толгой мал нядалдаг. Жилдээ 100 000 тонн мах экспортлох боломжтой. Гэвч махны нядалгааны хувийн хэвшлүүд, махны үйлдвэрүүд Олон улсын шаардлага, стандартыг хангаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг онцолж  шийдэх асуудал юм. Мөн Монголд махны үйлдвэрүүд барих асуудал яригддаг. Гэхдээ аль бүс нутагт хэдийн хэмжээний хөрөнгө оруулж махны үйлдвэр барих вэ гэдэг асуудлаар судалгаа, тооцоо манай яам болон мэргэжлийн хүмүүстэй хамтарч хийгдэж байгаа гэж мэдэгдлээ. 

                   Монголын махны үйлдвэрүүд Олон улсын стандартын дагуу ажиллах шаардлагатай

Манай улс бэлчээрийн мал аж ахуй эрхлэдэг орон. Тиймээс улирлын шинж чанартай мах бэлтгэл хийгддэг онцлогтой. 2015 оны 11-р сард дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэж, Хятад Улс руу нийлүүлэх эрхийн гэрчилгээг “Мах маркет”, “Монгол эко мах” компаниуд авч байсан. Түүнчлэн “Дархан мед фүүдс” ХХК, “Монтува” ХХК дээрх хоёр компанид мах бэлтгэн нийлүүлэх эрхийг тус тус хангасан гэж тухайн үед мэдээлсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах”-ыг Монгол Улс, БНХАУ–д экспортлох, импортлох, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Тэгвэл энэ санамж бичиг ямар арга замаар хэрэгжиж байгаа нь сонирхол татах сэдэв. Мах үйлдвэрлэлийн салбарт 2012-2016 онуудад махны нийт зах зээлийг хөлдүү махны зах зээл, шинэ махны зах зээл гэж хуваан бодлого хэрэгжүүлж байсан. Үүний тулд хөдөө аж ахуйгаас бэлтгэгдэж буй махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулж, аюулгүй байдлын шаардлага хангасан махны хэмжээг нэмэгдүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, өндөг, загасны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн төлөө 2017 онд ч Засгийн газар, яамдын түвшинд  ажиллаж байна. 

Одоогийн байдлаар манай улс 70 сая малтай. Иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах боломжтой юм байна. Гэвч техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх тоног төхөөрөмж, тогтолцоо байхгүй, малын халдварт өвчин зэргээс шалтгаалж мах, сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашигладаг аж.. Иймд Мал эмнэлэг, үржлийн газрын мал эмнэлэгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий эпидемологич Б.Цолмон малын халдварт өвчний дэгдэлт махны экспортод хэрхэн нөлөөлдөг, малын вакцинжуулалт, халдваргүйжүүлэлийн чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярив. Тэрээр хэлэхдээ 2013-2015, 2016 онуудад ялангуяа баруун бүсэд, сүүлийн үед зүүн бүсэд малын гоц халдварт өвчин гарч байна. Энэ өвчинтэй тэмцэх стратеги боловсруулж хэрэгжүүлэх талаар бид салбарын хүрээнд саяхан хэлэлцэж ярилцсан. Ер нь Монголын махны үйлдвэрүүд Олон улсын стандартын дагуу ажиллах шаардлага тулгарч байгааг дуулгая гэсэн юм.

            Б.Очирбат : Халал аргаар мал нядлахыг зөвхөн мусульман шашинтнуудад л зөвшөөрдөг

 Харин Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат Монголд 48 махны үйлдвэр байдаг гэсэн бүртгэл байдаг. Гэтэл эдгээр үйлдвэрээс 50 хувь нь ажилладаг.  Тэдэнд 2 А гэдэг үнэмлэхийг шалгаруулж олгодог. Энэ үнэмлэхийг 32 үйлдвэр авсан. Гэхдээ 9 үйлдвэр л Хятад, Орос руу мах экспортлох эрхтэй байгаа. ОХУ-ын хувьд зөвхөн адууны мах авахаар манай 10 компанитай гэрээ байгуулдаг ч үнэ өртөг, хүнсний аюулгүй байдал, чанарын асуудлаар хоорондоо тохирч чадахгүй байна, буцаах тохиолдол гардаг гэж компаниудын төлөөлөл бидэнд хэлж байгаа.

Тиймээс Хятад Улс руу энэ махаа гаргахаар тохиролцсон байсан. Гэвч хил дээр нь очоод Хятадын Мэргэжлийн хяналт шинжилгээний байгууллагын шинжилгээнд оруулна гэж бараг 14 хоног хүлээлгэж байгаа нь манай талд их  хүндрэл учруулдаг юм. Энэ асуудлыг шуурхай шийдэхийн тулд Монголд  Хятад-Монголын хамтарсан шинжилгээний лабортори байгуулвал аль аль талдаа олон талын чирэгдлүүд хөнгөрнө шүү дээ гэж мах экспортын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа зовлон бэрхшээлээ илэн далангүй ярьсан юм.  

Дараа нь Мах Маркет ХХК-ийн чанар, эрүүл ахуйн албаны дарга Н.Нарантуяа манай компанийн хувьд Олон улсын хүнсний аюулгүй байдлыг 2011 оноос эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. 2014 онд Олон улсын аудитын компаниар шалгуулж, Хүнсний аюулгүй байдлын гэрчилгээг авсан. Ер нь ОУА-ын компани давтан шалгалтаа гадаадын улс орнуудын компаниудад хийдэг. Мах, махан болон хүнсний бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал, чанар Олон улсын стандартад нийцсэн байх ёстой тул хамгийн чухалд тавигддаг талаар хэлж байлаа. 

Сүүлийн хоёр жилд мах экспортлох асуудлаар Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ХХААХҮЯ-тай хамтарч  мал нядалгааны халал стандарт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт мал нядалгааны, бага оврын, загвар үйлдвэр байгуулах, энд ажиллах ажилчдад сургалт явуулж гэрчилгээ олгох зэрэг ажил явагдаж  эхэлжээ.  Энэ төсөл хэрэгжсэнээр бид махаа халал стандартаар боловсруулан, Турк, Иран зэрэг Исламын шашинтай улсуудад экспортлох боломжтой болно.

Манай улсад Мах Маркет компани халал аргаар махыг нядалдаг болсон. Баян-Өлгий аймагт ийм үйлдвэр ажилладаг. Халал аргаар мал нядлахыг зөвхөн мусульман шашинтнуудад л зөвшөөрдөг юм билээ гэж Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат нэмэлт мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүнээс халал аргаар мах нядлахад мусульман шашинтнуудад эрх өгдөг бусад шашинтнуудад зөвшөөрдөггүй учир нь юундаа байна вэ гэж тодруулахад "Энэ халал арга, стандарт гэдэг нь их нарийн юм байна. Харин халал аргыг хэрэглэхдээ тусгай зан үйл хийж, малын хоолойг огтолж, нядалдаг юм билээ. Үүнд л гол учир байгаа юм. Энэ аргыг хэрэглэхгүйгээр мах нядлахдаа тухайн улс орон, тухайн үйлдвэрүүд өөрсдийнхөө арга технологийг хэрэглэж болно л доо. " гэж тайлбарлав. 

                            Ч.Вэйсэл:   Монгол Улс мах нийлүүлэлтээр дэлхийд хамгийн багад тооцогддог

Монгол дахь Туркийн Хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Ч.Вайсэл Монгол Улсад мал нядалгааны халал стандарт нэвтрүүлэх төслийг товч танилцуулсан. Төслийн зорилго нь махны экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих  явдал гэнэ. Үүний тулд малын тэжээлийн хэрэгцээг хангах, газар тариаланг хөгжүүлэх, Туркийн туршлагыг судлах, ажлын байр бий болгох юм байна. Халал стандартыг нэвтрүүлэхийн тулд Говь-Алтай аймгийн Чандмань суманд  Мал нядалгааны бага оврын загвар үйлдвэр байгуулах, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Төв аймгуудад малын тэжээл тариалах-туршилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 2015 онд Туркээс тус салбарын мэргэжлийн хүмүүс Монголд ирж, бодит байдалтай танилцсан байна. Туркээс ирсэн зочид манай орны зарим бүс нутагт очоод гич навчит хүцэнгэ, хошоонгор, Унгарын гиш зэрэг тэжээлийн ургамлуудыг Монголд тарих боломжтой. Хэрэв эдгээр ургамлуудын төрлүүдийг тариалах юм бол малын сайн тэжээл болно гэж мэдэгдээд явжээ.

  Ч.Вэйсэлийн ярьж байгаагаар олон улс орнуудтай харилцаж байж мах экспортын ажил үр дүнтэй болох нь. Монголчууд ялангуяа Ойрхи Дорнодын зах зээл рүү мах экспортловол манай улсын эдийн засагт тодорхой хэмжээнд өсөлтэй байх юм. Ер нь Монголоос  мах экспортлох хамгийн боломжит зах зээл бол Шиньжян-Уйгур, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Саудын араб, Иран, Исламын шашинтай бусад орнууд байгаа гэж ТИКА-ийн төсөлд тодотгожээ.  Харин  Их Британи, Австрали, Бразиль, Аргентин, Серб, Энэтхэг, Франц зэрэг орнууд хамгийн их мах нийлүүлдэг орны тоонд ордог аж. Гэтэл Монгол Улс мах нийлүүлэлтээр дэлхийд хамгийн багад тооцогддог байна. ТИКА-ийн энэхүү төсөл 2017 оны тариалалтын улиралд эхэлж байгаа юм. 

Халал стандартыг Монголын махны үйлдвэрүүдэд нэвтрүүлэх үйл ажиллагааг ТИКА төсөлтэй хамтарч зохион байгуулж байгаа талаар яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох дурдахдаа халал стандартыг дэлхийн нийтээр махны үйлдвэрт түгээмэл хэрэглэдэг.  Монголд энэ стандартыг нэвтрүүлэхийн тулд  Засгийн газар, яам махны үйлдвэрийг аймаг бүрт барина гэж олон жилийн өмнөөс ярьсан. Гэтэл одоог хүртэл энэ ажил явагдахгүй байна. Одоо ажиллаж байгаа махны хэдхэн үйлдвэр нь сайн ажиллахгүй, Олон улсын шаардлага хангахгүй гэж гологдох үе ч байдаг. Бид эдийн засгаа өсгөхийн тулд ярьсан ажлаа бодитой хэрэгжүүлэх нь илүү чухал юм гэж онцолсон. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу