300 метр газар цус алдаж явжээ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөл хөдөлгөөн нэмэгдэж, улмаар нийслэл хотод үйлдэгдэх гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байдаг тул жилийн энэ үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг Цагдаагийн байгууллагаас идэвхжүүлдэг. Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 24-ны үүрээр нийслэл хотод хүн амины онц ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр, 11-р хорооллын ... тоот есөн давхар орон сууцны гаднах цахилгаан дамжуулах хаалттай станцын үүдэнд 30 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэйгөөр нас баржээ.

Өглөөний 05:00 цагийн орчимд тус орон сууцны цахилгаан бүхэлдээ тасарсан байсан тул цахилгаанчин байрнуудын цахилгаан хүчдэлийг шалгахаар хаалттай станц руу явах үедээ, хохирогчийг цусандаа хутгалдсан байдалтай хэвтэж байхыг анх олж харжээ. Улмаар ойролцоох орцны жижүүрт энэ тухай хэлж яаралтай түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн байна. Иргэдийг дуудлага өгснөөс 20 орчим минутын дараа 103-ын эмч нар болон цагдаагийнхан ирж хэргийн газрыг битүүмжилсэн байна.

-ХОХИРОГЧ НАС БАРАХААСАА ӨМНӨ 300 МЕТР ГАЗАРТ ЦУС АЛДАН ЯВЖЭЭ-

Биднийг өчигдөр тус газарт очиход өдрийн 13:30 цаг болж байсан ба цагдаагийнхан болон шинжээч нар хэргийн газрын үзлэгээ дуусгаж ойр орчмийн хөдөлгөөнийг нээсэн байв. Тус байрны оршин суугчдын зүгээс “Өглөө 07:30 цагийн орчимд байрны гадна маш олон цагдаа нар ирсэн байсан. Онц ноцтой хүн амины хэрэг гарсан. Хутгалуулаад цусандаа будагдчихсан нэг эрэгтэй цагдаа нарыг ирэхэд нас барчихсан. Цагдаа нар дөнгөж цаг хүрэхгүй хугацааны өмнө явцгаалаа. Их удаан ажилласан. Тэд дүүргийн байрнаас наашаа машин зам дээр дуссан цусны дуслуудын хоорондох зайд хэмжилт хийж дээж авч байсан” хэмээж байв. Түүнчлэн хохирогч гэх эрэгтэй түргэний эмч нарыг ирэхэд амьд байсан гэх ба их хэмжээний цус алдсан учраас эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураажээ.

Үнэхээр иргэдийн хэлсэнчлэн, Сүхбаатар дүүргийн Тамгын газрын автомашины зогсоолын үүднээс эхлээд  орон сууцны дундуур явсан машин зам дээгүүр цус дуссан мөр тодхон харагдаж байв. Дээрх цусны мөр 300 гаруй метр үргэлжлэх бөгөөд байрны гаднах цахилгаан дамжуулах хаалттай станцын буланд хүргэсэн юм. Уг буланд их хэмжээний цус асгарсан нь харагдах ба цагдаа нар хэргийн газарт ажилласан ул мөр болох цагдаагийн тууз, үзлэгийн бээлий болон нэг удаагийн улавч зэрэг газар хэвтэж харагдана.

Биднийг очих үед цагдаа нарыг хэргийн газрын үзлэгээ дуусгаж, бүгд явсан гэх боловч, энгийн хувцастай хэд хэдэн цагдаа тус газарт ажиглалт хийж суусан нь хэргийг илүү ноцтой байж болохыг илтгэж байсан ба хэргийн сэжигтнийг олоогүй байгаа гэх таамаглал дэвшүүлэхэд хүргэж байв. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэх хариу өгөөд байна.

ЗУРАГ: Дээрх гаражны үүднээс цусны мөр эхэлжээ 

ЗУРАГ: Гаражнаас 300 орчим метрийн зайд явган хүний зам дээр цус дуссан байдал

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу