Та айлын хэд дэх хүүхэд вэ?

Айлын том хүүхдүүд хариуцлагатай, ачаалал даах чадвартай, харин айлын ганц хүүхдүүд аминчхан, бусдаас үргэлж анхаарал халамж шаарддаг гэх зэрэг яриаг та бишгүйдээ л сонсож байсан байх. Тэгвэл, айлын хэд дэх хүүхэд байх нь тухайн хүний зан төлөв, ааш араншинг тодорхойлохуйц чухал хүчин зүйл мөн үү?

Энэ тухай ойлголт 1920-иод оны сүүлч үеэс эхтэй. АНУ-ын сэтгэл судлаач Алфред Адлер эцэг, эхээс төрсөн дараалал тухайн хүний зан төлөвт хэрхэн нөлөөлдөг тухай судалж, ямар нэг байдлаар хамааралтай болохыг тодорхойлсон байдаг аж.

Тэгвэл, та айлын хэд дэх хүүхэд вэ?

-- АЙЛЫН УУГАН ХҮҮХЭД --

Адлерын тодорхойлсноор айлын том хүүхдүүд хуучинсаг үзэлтэй байх нь элбэг. Мөн тэд эрх мэдэл тулгуурласан, удирдагч болоход эртнээс бэлтгэгдсэн байдаг. Учир нь үргэлж дүү нарынхаа өмнөөс хариуцлага хүлээж, тэднийг харж хандах үүрэг хүлээдэг учир бусдад анхаарал халамж тавихдаа гаргууд, тиймдээ ч эрт амьдрал зохиож, залуудаа эцэг, эх болох нь олонтаа.

-- АЙЛЫН ДУНД ХҮҮХЭД --

Төрсөн цагаас нь эхлээд түүнд бэлэн “асрагч”, басхүү “зааварлагч” байсан тул тэд багаасаа ах, эгч нараасаа давж гарах хүсэл эрмэлзэл, тааруухнаар хэлбэл атаархал дунд өсөж хүмүүждэг гэнэ. Тиймээс айлын дунд хүүхдүүд амбицтай, гэхдээ аминчхан биш, өөртөө маш өндөр зорилго тавьдаг, түүндээ хүрэх гэж мэрийдэг. Амьдралд нь уруу гундуу, бүтэлгүйтэх үе тохиоход түүнийг хэрхэн даван туулах, түүнтэй хэрхэн дасан зохицохыг маш сайн мэддэг.

-- АЙЛЫН БАГА ХҮҮХЭД --

Айлын бага хүүхдүүд эцэг, эх болоод ах, эгч нарынхаа анхаарал, хайр халамжаар дүүрэн өсдөг. Олон хүн нэгэн зэрэг түүнийг анхаардаг болохоор өөртөө итгэлтэй, бие даасан, гэхдээ туршлага хуримтлуулахдаа тааруу нэгэн болдог гэнэ. Ах, эгч нараасаа илүүд гарах, тэдний амжилтыг давахын тулд өөрийгөө дайчилж чаддаг. Тиймдээ ч сонгосон салбартаа өндөр амжилт гаргах нь олонтаа. Айлын дунд, том хүүхдүүдтэй харьцуулахад, хариуцлага хүлээх чадвар сул, хөнгөн хийсвэр, нийгмийн идэвх сайтай байдаг гэнэ.

-- АЙЛЫН ГАНЦ ХҮҮХЭД --

Гэр бүл дотор нь өөр өрсөлдөх үе тэнгийнхэн байхгүй учир айлын ганц хүүхдүүд гол төлөв эцгийгээ дагаж, түүнээс үлгэр жишээ авч, суралцаж, өөрийгөө аавтайгаа харьцуулж өсдөг. Эцэг, эх нь гол төлөв цор ганц хүүхдээ гэж, хайр халамж, хөрөнгө мөнгөө харамгүй зориулдаг учир шаардлага өндөртэй, анхаарлын төвд байх сонирхолтой болж торнидог гэнэ. Тэд төгс төгөлдрийг эрэлхийлэгч, орчин тойрон, нөхцөл байдлыг умартан зөвхөн өөрийнхөө эрх ашгийг нэгт тавих хандлагатай.


 

IQ-Д ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Айлын хэд дэх хүүхэд байх нь зан төлөвөөс гадна IQ-д хэрхэн нөлөөлдөг болохыг Германы Лейпцигийн болон Майнцын их сургуулийн эрдэмтэн, судлаачид судалжээ. АНУ, Их Британи болон Германы насанд хүрсэн 20 мянган хүнийг хамруулсан судалгааны дүнд айлын том хүүхдүүд сэтгэх чадвар, IQ-гаар илүү болохыг тогтоосон байна. Харин сэтгэл зүйн тогтвортой байдал, ой санамж зэрэгт эцэг, эхээс төрсөн дараалал хамаагүй гэж тэд тайлбарлажээ.

ЗАН ЧАНАРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

АНУ-ын дунд сургуулийн 377 мянган сурагч хүүхдийн дунд явуулсан судалгаагаар сонирхолтой үр дүн гарчээ. Айлын том хүүхдүүд илүү шударга, ноёрхогч зантай боловч нээлттэй бус, сэтгэлээр амархан унадаг. Харин айлын дунд хүүхдүүд хичээнгүй, ухамсартай, бага хүүхдүүд нээлттэй, нийгэмч байдаг гэнэ. Харин айлын ганц хүүхдүүд сандруу, бухимдангуй, гэхдээ нээлттэй, бусадтай амархан ойлголцдог, харилцааны чадвартай байдаг гэж тодорхойлжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу