Бид иднэ... Ард түмэн зүтгэнэ...

2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН, түүний байгуулсан засгийн газар ард түмний нуруунд ачаа үүрүүлэн, өөрсдийн бий болгосон хямрал гэгчийгээ давахаар шийджээ. Засгийн газраас 2016 оны төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр тасарч хүндрэлтэй байгаа учраас Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэдэд очиж байсан санхүүжилтыг зогсоохоор шийдвэрлэжээ. УИХ Засгийн газрын шийдвэрийг ёсоор болговол Монголын ард түмэн 2019 он хүртэл бүсээ чангалан, дарга нар ямбандаа эрхлэн үлдэх болно.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд шийдэмгий байна. Тэр ард иргэдэд оноо алдана гэж айхгүйгээр бүсээ чангалах ажлыг хийж эхэллээ. Гэвч энэ нь бизнес эрхлэгчид, дундаж давхаргынханд хүнд цохилт авчирна.

1. Засгийн газар Хадгаламжийн хүүнээс татвар авна.

Энэ бол Монголын нөлөө бүхий бизнес эрхлэгчид мөнгөө гадагшлуулах алхам болно. Улстөрчид хэдийн энэ алхамаа хийчихсэн хойноо шийдвэр гаргах гэж байна. Бизнесийн орон зай хумигдан эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийлгүй ажлын байраа хадгалан буй компаниудад ХҮНД ЦОХИЛТ авчирна.

2. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг зогсооно

180 мянган төрийн албан хаагч, 150 мянган оюутантай эрүүл бус тогтолцоог өөрчлөх арга зам нь нарийн мэргэжил эзэмшүүлэн хар ажилтан олноор бэлтгэх байлаа. Сурагч бүр оюутан болох, оюутан бүр оффисын ажил хийх хүсэлтэй болсон "цагаан гарт" Монголчуудын үзэл бодлыг өөрчлөх зорилт зогсож байна.

3. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоно

Засгийн газар мөн л дундаж давхарга биш ядуусыг дэмжих бодлогод шилжлээ. Өрхийн амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгохоор төсвийн тодотголд тусгажээ. Харин үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байна. Бор зүрхээрээ ажил эрхлэн зүтгэж буй эцэг эхчүүдэд асар их нэмэр болж, үр хүүхдийнхээ тооноос хамаарч орлогодоо дэм болдог байсан систем устаж. Ядуу бол эсвэл тэс гэдэг ачааг дунд давхаргад өгч байна.

4. Оюутны 70-ийг зогсооно

2016-2017 оны хичээлийн жилд Засгийн газраас их дээд сургуульд суралцагч оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг зогсоох шийдэлд хүрлээ. Уг нь сурлагын амжилтаар олгоод явбал дундаж давхарга, зүтгэлтэй хүүхдүүдэд туйлын чухал.

5. Шүүгчдийн цалинг 50-80 % бууруулна

2012-2016 оны хугацаанд МАН-ын олон хүнийг шоронд илгээсэн, байр суурийг нь хүндэтгээгүй, эрх ашгийг хамгаалаагүй үндэслэлээр шүүх салбарт санхүүгийн дайралт хийлээ. Шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтнуудтай дүйцэхүйц хэмжээгээр бууруулснаар 519 шүүгчийн цалин 2013 оны хуучин хэвэндээ очино.

6. Цэцэрлэг байхгүй, хүүхдийнхээ учрыг өөрсдөө ол

Цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй учраас Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг байгуулан санхүүжүүлэх, эцэг эхчүүдэд ажил хийх боломжоор хангах зорилт устаж байна. Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулахаар болжээ.

7. Оюутнууд автобусны мөнгөө өөрсдөө төлнө

Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болно. Сонгуулиар та бүхний дэмжлэгийг авсан. Одоо өөрсдөө ачаа үүр гэсэнтэй адил үгсийг засгийн газар хэллээ.

8. Төрийн өндөр албан тушаалтнуудын болон ТӨК-ийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулна

9. Ахмадуудад тэтгэмж олгохгүй

Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг л авах юм байна.

10. Гадаадад оюутан сургахгүй

2016-2019 ОНД ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШИНЭЭР ОЮУТАН ХАМРУУЛАХГҮЙ. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөжээ.

2016 оны СОНГУУЛИЙН "АМЛАЛТ"-ууд эхэллээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу