Эмэгтэй гишүүд хэрхэн баярладаг вэ?

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон. Хатан ухаанаар төр жолоодож яваа төрийн түшээдийн төлөөлөл бүсгүйчүүдээс энэ өдөр хэрхэн баярладаг талаар нь сонирхлоо.
 
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

-Гуравдугаар сарын 8 гэдэг өдөр бол дэлхий нийтийн, тэр дундаа монгол эмэгтэйчүүдээр бахархах өдөр юм. Ээжүүд маань үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн гавьяагаараа бахархаж байвал надад сайхан санагддаг. Энэ сайхан өдөр нэг ч гэсэн эмэгтэйн эрх зөрчигдөхгүй, айж эмээхгүй, хүчирхийллээс хол байгаасай гэж би хүсэж байна. Нийт эмэгтэйчүүддээ Мартын 8-ны баярын мэнд хүргэе.

-Та ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ? Сэтгэлд хоногшсон дурсамжаасаа хуваалцаач.

-Би эхээс тавуулаа. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Биднийг бага байхад бялуу ховор байсан. Тиймээс өөрсдөө гурил зуурч, крем эсгээд бялуу хийж, ээждээ өгдөг байсан. Одоо бодоход тэр бол хамгийн том сэтгэлийн бэлэг байдаг байжээ. Тухайн үед ундаа ховор байлаа. Ундаагаа хадгалж байж ээждээ өгдөг. Одоо ч ээж дээрээ очиж хүндэтгэл үзүүлж, баярлуулахыг хичээдэг.


УИХ-ын гишүүн Б.Ундармаа
УИХ-ын гишүүн Б.Ундармаа

-Гуравдугаар сарын 8-нд хамгийн түрүүнд хоёр ээждээ, найз бүсгүйчүүддээ баяр хүргэдэг. Энэ өдөр зөвхөн баяр төдийгүй асуудлыг хэлэлцдэг өдөр юм.  Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах арга хэмжээнд оролцож, бидний өмнө тулгараад байгаа асуудлыг тусгаж авахын төлөө хичээж ажилладаг. Манай эрчүүд эмэгтэйчүүдээ хүндэлдэг. Өмнөх жилүүдийн 6, 7-нд манай байгууллагын эрчүүд биднийг хүлээж аваад, баярлуулдаг байсан. Мөн хамт сурч, ажиллаж байсан найзуудаа баяр хүргэдэг байсан.


УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

-Эмэгтэйчүүд бол Монгол Улсын хүн амын талаас илүүг буюу 51,3 хувийг эзэлдэг. Ингээд мянга мянган ээжүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Миний бага насанд одоогийнх шиг олон төрлийн дарс, чихэр, жимс байсангүй. Ээжийн минь албан газрын эмэгтэйчүүд өнгө өнгийн дээлээр гоёчихсон нэг нэгнийдээ зочлон ирдэг. Аавууд маань бууз чимхээд, хиам зүсэж ширээ засаад эхнэр, эмэгтэйчүүдийг баярлуулдаг  байсан. Өнөөдөр та бүхнийг эрчүүд маань тэр жишгээр хүндэлж, баярлуулж, бэлэг барина гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ өдөр нэг ч гэсэн эмэгтэй хүчирхийллээс ангид байж, эрхээ хамгаалуулж чадна гэж  итгэж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу