Тээглэсэн 30 хоног

УИХ-ын чуулганыг 30 хоног завсарлуулах УИХ-ын дарга З.Энхболдын өчигдөр гаргасан /2016.05.24/ захирамж Монголын улс төрийг бүхэлд нь царцааж орхилоо. УИХ-ын даргын зөвлөлийн саналыг үндэслэн гаргасан захирамж албажин, парламентын цахим хуудсанд тавигдангуут нь мэдсэн төрийн түшээ олон байна. Улс орныг хамарсан онцгой нөхцөл байдал үүссэн байсан бол гэнэтийн энэ шийдвэрийг ойлгон хүлээн авах байсан биз.

62 тоот тэрхүү захирамжаар 2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан энэ парламентын отгон чуулганыг ирэх зургадугаар сарын 23 хүртэл 30 хоног түр завсарлуулах юм. УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор энэ чуулганыг зургадугаар сарын 1 хавьцаа буюу энэ долоо хоногт хуралдуулаад түр завсарлуулах талаар УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей нар сэтгүүлчдэд мэдээлж байсан. Харин шуурганд хөөгдөж байгаа мэт гэнэт чуулганыг завсарлуулах болсон ямар шалтгаан байсан юм бол? Чухам ямар хор хаагуур гүйчихэв гэсэн хар дагууллаа. Чуулганаа хаагаад сонгуульдаа бэлдэх нь зүйтэй ч өмнөх ажлаа амжуулчихаад, үүргээ гүйцэтгэчихээд, нэр төртэйгөөр сонгуулийн ажилдаа орсон бол хэн ч, юу ч хэлэхгүй, хардахгүй байлаа.

Завсарласан УИХ-ын өмнө шийдэх ёстой олон асуудал байлаа, улс орон чухал хэрэгтэй хуулийн төслүүд, томилгоо, гэрээ, зээлүүд гээд. Өргөн баригдаад хэлэлцэгдээд батлагдахын даваан дээр байгаа Батлан хамгаалах салбарын хуулиуд, улстөрчдөд хариуцлага тооцох тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг дурдаж болно. Томилгооны тухайд, мэдээж АТГ-ын даргын томилгоо. АТГ-ыг байгуулагдсанаас хойших үйл явцыг харахад парламентын ээлжит сонгуулийн өмнө нэр дэвшигчид өрсөлдөгчдөө өрсөн АТГ-т “матах” тохиолдол нэмэгддэг. Мэдээж АТГ “матаас” болгоныг чулуу болгохгүйгээ мэдэх ч удирдлагагүй байгаа газрыг эрх ашиггүй ажиллаж чадахад эргэлзэх нь зүйн хэрэг. Мөн Энэтхэгээс авах нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал нэгдсэн чуулган руу орохоор хүлээгдэж байсан. Дэд бүтцийн салбарт ашиглах энэ мөнгөний хувь заяаг бизнесийнхэн анхааран хүлээж суугаа нь тодорхой.

Үүнээс гадна өнгөрсөн Даваа гаригийн оройн Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн МАХН-ын угшилтай гурван сайдыг Засгийн газраас гаргах асуудал байна. Өчигдөр буюу Мягмар гаригт хуралдсан УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ гурван сайдыг засгаас гаргах зөв гэсэн шийдвэрийг гаргасан. Харин Ардчилсан намын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байгаа мэдээ дуулдаж, улмаар энэхүү хурлын үр дүн захирамж болон гарлаа. МАХН-ын гурван сайд ингэснээр сонгууль болтол тоглолт хийх боломжтой болон үлдэж байгаа юм.

Захирамж гаргах бол УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Тэр тусмаа сонгуультай холбоотойгоор УИХ-ын чуулганыг 30 хоног завсарлуулах эрх хуулиар спикерт олгогдсон. Гэсэн ч улс орны ажлыг царцаан байж завсарлах шалтгаан царцаах цар хүрээндээ дүйцэхүйц үндэслэлтэй байх ёстой. Мөн цаг хугацааны хүчин зүйл улс оронд ашигтай байх учиртай. Түүнээс биш мэхт мэхэндээ гэсэн дуусашгүй тойрог үйлчилсээр байх аваас тойрогт эргэлдэж байгаа бүхэн инерцээрээ нэгэн цагт тойргоос хамтдаа шидэгдэх нь тодорхой.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу