Шинийн 14-нд үнэ төлбөргүй ном айлдана

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр энэ сарын 11-нд тохионо. Эл өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам нар үнэ төлбөргүй засал, ном айлдах гэж байна.

Өндөр Гэгээн Занабазар нь Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэр цагаас хойш эл өдрийг дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтжээ.

Энэхүү уламжлалын дагуу МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн хансүр, Соёлын гавъяат зүтгэлтэн, гавж Ё.Амгалан Гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14 буюу энэ сарын 11-нд хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс “Цагаан Дарь-Эх”-ийн насны авшиг хайрлах ажээ.

Эл арга хэмжээний үеэр МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн лам хуваргууд, тахиа жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах юм байна. Иймд сүсэгтэн олныг даллагын уут, тавгийн идээтэй ирэхийг уриалж байлаа.

Энэхүү дээдийн номын айлдвар нь энэ сарын 11-ний 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй болох юм байна. Сүсэгтэн олонд тухайн өдрийн өглөөний 09.00 цагт Таван шарын автобусны буудлаас тусгай автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.

Үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

10:00 цагт Хурал нмын үйл ажиллагааг нээнэ.

10:10 цагт Итгэл, Ганданлхавжаа, Жанлавцогзол хурна. /МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн лам хуврагууд/

10:20 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан номын айлдвар. /Өндөр гэгээний дүйчэн, насны авшгийн тухай/

11:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан ламын насны авшиг хайрлана.

12:00 цагт Мандал өргөнө. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон/

12:10 цагт Өндөр гэгээний Жинлавцогзол буюу Цагийг тохинуулагч солдив уншина. /Сүсэгтэн олон, лам хуврагууд 3-7 удаа/

12:20 цагт Сан даллага хурна. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд/

13:00 цагт Хүмүүнлэгийн үйл ажиллагаа /Тэргүүн хамба ламаас өндөр настнуудад хишиг хүртээх, хүндлэл үзүүлэх/

13:30 цагт Сүсэгтэн олон маань, мэгзэм хөгжөөнө.

Ц.Болд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу