Шинийн 15-нд амжиж заслаа хийлгэвэл буян арвиждаг

Уртаас урт биш ч бас богинохон биш дараалал тэнд үүсчээ. 14.00 цагт хийд онгойж, бичүүлсэн номыг лам нар айлдах учраас иргэд ийн дугаарлажээ. Цаахнатай нь жижигхэн цонхон дээр иргэд номоо бичүүлэхээр дараалал үүсгэсэн харагдана. Тус цонхон дээр зарим номын үнэ тарифыг бичжээ
XVII жарны “Алтан унжлагат”  хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын билигт сайн эл өдрүүдэд ном уншуулж, буян хураавал хэд дахин үрждэг хэмээн итгэж Монгол түмэн засал номоо хийлгэх нь элбэг. Сүсэгтэн олны хөлд дарагдсан Гандантэгчэнлин хийдийг зорилоо. Тэнд очиход арц, хүжний өвөрмөц үнэр сэнхийж, буй  бүхэн нь дээдсийг, хүрээг санагдуулна. Харин хурал хурдаг зааланд энд тэнд ганц нэгээрээ тарж суусан лам нарын өмнө голцуу настай хүмүүс сүсэглэн суух аж.

Гандангийн төв хаалгаар дотогш орж “Гунгаачойлин дацан”-д очлоо. Дацангийн үүдэнд олон хүн цугласан байв. .

  •     Алтанганжуур- 20 мянга
  •     Арванхангал-10 мянга
  •     Данжуур- 6 мянга
  •     Авидын чого- 5 мянга
  •     Бурхан багшийн чого- 5 мянга
  •     Цэвэгмэдийн чого- 5 мянга
  •     Улаан юм- 5 мянга
  •     Бизьяагийн дончид 5 мянга
  •     Гурван гүрэм-1500
  •     Далха-1000 гэх зэргээр ном тус бүр өөр өөр үнэтэй байв.

Өрхийн тэр жилийн буян заяаг даадаг гэдэг “Алтанганжуур” номыг иргэд олноор бичүүлж харагдана. “Гал тахиа” туулай жилтэй “их харш” учир туулай жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишид буюу “бага харш”-д морь, хулгана жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртай гэж  “Цаг тооны бичиг”-т буусан. Тиймд бар туулай жилтнүүд Далха тахиулж, морь, хулгана жилтнүүд суудлын засал хийлгэхээр жижигхэн цонхоор ном бичүүлэх аж.

Айл болгон тухайн жилийнхээ заслаа хийлгэх гээд багагүй зардал гаргадаг. Зарим сүм хийдийн ном хуруулах тариф нэмэгдсэн талаар иргэд хэлж байв. Нэг хүн заслаа хийлгэхэд дунджаар гурваас таван ном уншуулж байгаа аж. Энэ ойролцоогоор 3000-10000 төгрөг болно. Дээрээс нь засал ном хийлгүүлэх тавгийн идээ, архи зэрэг дагавар зүйлсийг нэмбэл нэг хүн дунджаар 10-20 мянган төгрөгөөр ном уншуулж байна.

Хаврын тэргүүн сарын шинийн 15-нд амжиж засал, номоо хийлгэвэл буян арвиждаг гэж Монголчууд сүсэглэдэг. Энэ талаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандан тэгчэнлин хийдийн Олон Нийттэй харилцах албаны дарга Н.Одгарьдаас тодрууллаа.

Тэрбээр “Шинийн 1-15-ны хооронд бурхан багшийн ном сургуулиа айлдсан цаг үе тохиодог. Энэ өдрүүдэд монголчууд жилийн барцад арилгах, үйл хэргээ даатгах зан үйлийг үйлдэж ирсэн түүхэн уламжлал бий. Мөн шинийн 1-15-ны өдрүүдэд хураасан буян үлэмж арвиждаг гэж үзэн засал зан үйлээ хийлгэдэг. Үнэхээр ч бурхан багшийн амьдралд бодитой тохиолдсон. Тухайн цаг үед хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд ном сонссон олон лам нар хутагтын мөрийг олсон. Аз жаргалтайгаа учирсан байдаг. Тиймээс бурханы шашин дэлгэрсэн газар орнуудад энэхүү 15 хоногийг ихэд бэлэг дэмбэрэлтэй өдөр гэж үзсээр ирсэн. Шинийн 15-нд заавал амжиж заслаа хийлгэх албагүй. Тариа ногоо элбэгшсэн цагт зан үйлээ хийлгэдэг уламжлал Монголд байсан” хэмээн тайлбарлалаа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу