ҮЗХ-ны хурлаас хэн, юу хүсэв?

Ардчилсан намын ҮЗХ энэ сарын 25-нд хуралдана. ҮЗХ-ны хурлаас ямар үр дүн хүлээж байгаа талаар АН-ын зарим гишүүдээс тодрууллаа.

АН-ын гишүүн Л.Эрхэмбаяр:

-Энэ удаагийн хурлаар намын шинэ даргаа батламжлах асуудал хамгийн чухал юм. Түүнчлэн Их хуралдаа бэлтгэх, намын үндсэн дүрмээ шинэчлэх асуудал яригдана. ҮЗХ-ны ирц хангалттай бүрдэх байх гэж бодож байна. Одоогийн байдлаар нэлээд олон гишүүн хөдөө орон нутгаас ирээд байна.

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр:

-ҮЗХ-оор хэлэлцэх хамгийн чухал асуудал бол Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг батлах, намын үндсэн дүрмийг шинэчлэх ажлын хэсгийг батлах явдал юм.

УИХ-ын гишүүн асан Д.Батцогт:

-Намын дүрмийг шинэчлэх болоод Их хуралд бэлдэх ажлын хэсгүүд байгуулах нь хамгийн чухал. Хоёрдугаарт, намын даргыг Их хурлаас тодруулах уу бүх гишүүдээс тодруулах уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Миний бодлоор бүх гишүүдийн саналаар сонгох нь зүйтэй.

АН-ын гишүүн Р.Амаржаргал:

-Хурлаас хүлээж байгаа хамгийн чухал асуудал бол намын дүрмийг шинэчлэх ажлын хэсэг байгуулах явдал юм. Мөн дээр нь, Их хуралд бэлдэх комисс байгуулах нь нэн чухал. Энэ хоёр ажлын хэсэгт чанартай, чадварлаг хүмүүс байгаасай гэж бодож байна. ҮЗХ-аар хэлэлцэх бусад асуудлыг би төдийлөн сонирхохгүй байна.  

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу